Цаг уурын өөрчлөлтийн улмаас гадил жимс устаж үгүй болж магадгүй

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-04 11:37:15

ЛОНДОН. /TASS/. Агаарын температур нэмэгдэх зэрэг цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй хор уршгийн улмаас 2050 он гэхэд гадил жимснүүд устаж үгүй болно гэсэн дүгнэлтэд Их Британийн хэсэг бүлэг эрдэмтэн хүрчээ. Эрдэмтдийн хийсэн судалгааг “Nature Climate Change” сэтгүүлд нийтэлжээ.


Их Британийн Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд гадилын үйлдвэрлэлийн хэмжээнд цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Ингэхийн тулд гадил үйлдвэрлэл, экспортоор дэлхийд тэргүүлэгч 27 орны гадилын ургацын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийжээ. Дэлхийн дулаарал нь гадил ургах таатай нөхцөлийг бүрдүүлж,  1961 оноос хойш энэ жимсний ургацын хэмжээ нэмэгдсэн байна.


Гэсэн хэдий ч агаарын температур нэмэгдсээр байвал эсрэг нөлөө үзүүлж, ургац буурахад хүргэх ба 2050 он гэхэд бүх гадилууд устаж үгүй болж магадгүй болохыг эрдэмтэд цохон тэмдэглэжээ. Одоогоор дэлхийн 10 улсад гадил жимсний ургацын хэмжээ буураад байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Ялангуяа Энэтхэг, Бразил зэрэг улсад ургацын хэмжээ ихээхэн буураад байгаа аж.


Гадил жимсний үйлдвэрлэлд учирч буй  ноцтой аюулуудын нэг нь Панамын өвчин болохыг өмнө нь эрдэмтэд анхааруулсан юм. Панамын өвчин нь Зүүн Өмнөд Ази, Латин Америк, Африкийн хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учруулаад байна. 

Холбоотой мэдээ