Хөшөөт багийн иргэд тайван жагсаал хийж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-03 23:27:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн иргэд эрүүл мэндийн нөхөн олговорт 10,0 сая төгрөг олгохыг "Мо-Эн-Ко" ХХК-аас шаардаж тайван жагсаал хийж байна.

Тус ХХК  нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр Ховд аймгийн Цэцэг сум дахь  Хөшөөтийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй.

Орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу Хөшөөт багийн айл өрх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор шинэ багийн төв байгуулж, улмаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор  тус багийн зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

"Мо-Эн-Ко" ХХК-аас айл өрхүүдэд эрүүл мэндийн нөхөн олговор болгож тус бүр 4,0 сая төгрөгийг  дөрвөн жилийн хугацаанд, жил тутам 1,0 сая олгохоор тооцжээ. Гэвч уурхайн тэсэлгээний дуу чимээ, тоосжилттой орчинд 10 гаруй жил амьдарч  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн тус багийн иргэд 4,0 сая биш 10,0 сая төгрөг олгохыг шаардаж, тус ХХК-ийн Хөшөөтийн уурхайн байрны үүдэнд тайван жагсаал хийж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Наймдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн иргэдийн тайван жагсаал "Мо-Эн-Ко" ХХК-аас албан ёсны хариу ирүүлэх буюу энэ сарын 6-ны өдөр  хүртэл үргэлжлэх аж.  

Холбоотой мэдээ