Борис Жонсоны гэнэдүүлэх тактик буюу Британийн ардчилалд үлдэх “хар мөр”

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-08-31 15:34:58

 

Шийдэгдэхгүй сунжирсаар буй Брекситийн асуудал улам “сонирхолтой” байдлаар цаашид өрнөх нь тодорхой боллоо. Уржигдар Ерөнхий сайд Борис Жонсон Их Британийн хатан хаан Элизавета  II -д  хандаж, Нийтийн танхим буюу парламентын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 9-нээс 10 дугаар сарын 14 хүртэл 5 долоо хоногийн хугацаагаар зогсоох хүсэлт тавьсан нь “хатуу Брексит”-ийг эсэргүүцэгчдэд зориулсан "гэнэтийн бэлэг" байлаа. 


Тодруулж хэлбэл, гэрээ байгуулалгүйгээр Их Британийг Европын Холбооноос гаргахыг /хатуу Брексит/ эсэргүүцэж буй парламентын гишүүдийг асуудлаас хөндийрүүлэн “гар хөлийг нь уяснаар” тэд өөрт нь саад хийж чадахгүй хэмээн Б.Жонсон тооцоолсон бололтой.


Харин Жонсон ажиглагчдын энэ дүгнэлтийг үгүйсгэлээ. Түүний хэлснээр, засгийн газрын мөрийн хөтөлбөр, түүнд тусгах Брекситийн хувилбарыг парламентын гишүүд 10 дугаар сарын 17-18-нд болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө хэлэлцээд 21 ба 22-ны өдрүүдэд Брекситийн асуудлаар санал хураалт явуулах боломжтой ажээ


Хатан хаан Елизавета II парламентын үйл ажиллагааг зогсоох тухай Жонсоны хүсэлтийг дэмжсэн ба 10 дугаар сарын 14-нд засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг танилцуулж үг хэлэх ёстой.   

Үүнтэй холбогдуулан дурдахад, Их Британийн улс төрийн тогтолцоо нь тогтсон уламжлалаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хатан хаан нь улс төрийн бодлогод оролцдоггүй учраас Ерөнхий сайдын саналыг шууд зөвшөөрдөг байна.  Жишээ нь, сонгуульд ялсан Ерөнхий сайд Хатан хаанд бараалхах үед Хатан хаан түүнээс “та өөрийн улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хангалттай тооны суудлыг Нийтийн танхимд  авч чадсан уу? гэж асуухад Ерөнхий сайд “тийм” гэж хариулснаар тэрбээр засгийн газраа эмхлэн бүрдүүлэх зөвшөөрлийг Хатан хаанаас авчихлаа гэсэн үг.


Гэхдээ дээрх тохиолдолд онолын хувьд “нюанс” буюу нарийвчилж үзэж болохоор нэг зүйл байгааг Британийн хууль зүйн чиглэлийн зарим судлаачид олж харжээ. Хатан хаан Жонсоны хүсэлтэд хариу өгөхөө түр хойшлуулж, энэ үед нь Нийтийн танхимын зүгээс парламентын үйл ажиллагааг зогсоохгүй байх хүсэлтийг түүнд тавих боломжтой аж. Энэ тохиолдолд хатан хаан хоёр хүсэлтийн аль нэгийг нь зөвшөөрөх ёстой болох учраас энэ нь түүнийг улс төрийн хэрэгт орооцолдоход хүргэнэ. Гэтэл  хатан хааны суудалд суусан 70 жилийн хугацаанд Элизавета II улс төрд огт оролцож байгаагүй, тэр тусмаа Брекситийн асуудлаар хэзээ ч байр сууриа илэрхийлж байгаагүй юм.


Дашрамд дурдахад, Элизаветагийн өвөг эцэг болох Их Британийн хаан Георг V их хямралын үеэр 1931 онд улс төрийн намуудыг Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулахад уриалж байсан гэдэг. Гэхдээ үүнийг улс төрд оролцсон гэж хэлэхэд хэцүү.    


Б.Жонсоны үйлдлийг зогсооно


Үүссэн улс төрийн нөхцөл байдлыг Британийн сөрөг хүчний удирдагч Жереми Корбин зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой бөгөөд тэрбээр хатан хаанд илгээсэн захидалдаа Ерөнхий сайдын шийдвэрийг эрс буруушаасан байна.  Лейборист намын дарга сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “гэрээ хийхгүйгээр улс орныг ЕХ-ноос гаргахын тулд Ерөнхий сайд бидний ардчиллыг дэвсэн гишгэчиж, доромжлон гутаалаа. Ирэх долоо хоногт Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг парламентад өргөн барихаас гадна Жонсоны хийж буй үйлдлийг зогсоохын тулд хууль батлах болно” гэж мэдэгдлээ.

Байдлыг ажваас, Жонсоныг эсэргүүцэгчид түүнийг дэмжигчдээс олон байгаа бололтой. Тухайлбал, Шотландын Ерөнхий сайд Никола Стержен мэдэгдэхдээ “Жонсоны сэдсэн зүйлийг зогсоохын тулд парламентын гишүүд нэн даруй цугларч хуралдах хэрэгтэй. Түүний үйлдэл нь Британийн ардчилалд хар мөр үлдээлээ” гэв. Дашрамд дурдахад, Шотланд, Умард Ирланд, Уэльсийн иргэдийн ихэнх нь ЕХ-нд үлдэхийн төлөө саналаа өгсөн билээ. 

Түүнээс гадна, YouGov компаниас явуулсан санал асуулгад оролцогчдын 28 хувь нь Ерөнхий сайдын хийсэн алхмыг дэмжиж байгаа бол 47 хувь нь одоогийн нөхцөл байдалд парламентын үйл ажиллагааг зогсоох нь буруу гэж үзжээ. Мөн Жонсоны шийдвэрийг эсэргүүцсэн өргөх бичигт 1 сая хүн гарын үсгээ зураад байна. Сунжирсан улс төрийн хямралд нэрвэгдэн байж, эдийн засгаа эрсдэлд оруулан байж ЕХ-ноос гэрээ хийлгүйгээр гарах нь дэндүү их хохиролтой гэж үзэж буй британичууд олон бий. 


Үүний сацуу Европын Комиссын зүгээс Б.Жонсоны хийж буй үйлдлийг хэлэлцэх сонирхолгүй байна. Тус комиссын төлөөлөгч Мина Андреева мэдэгдэхдээ “гишүүн улсуудын дотоодод өрнөж буй үйл явцын талаар бид ямар нэгэн тайлбар хийхгүй” гэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудсандаа “Жонсоны танхимд итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг шийдэх нь Корбины хувьд хэцүү. Борис бол Нэгдсэн Вант улсад маш хэрэгтэй хүн, тэр бол гарамгай удирдагч” гэж жиргэжээ.


Хатуу Брексит эдийн засагт нөлөөлөх нь


Б.Жонсоны хийсэн гэнэтийн үйлдлийн дараа доллартой харьцах фунт стерлингийн ханш 1,1 хувиар унаж, 1,2205 доллар болсон байна. Брекситийн талаарх аливаа мэдээлэлд тун мэдрэг байдаг Британийн зарим компанийн хувьцааны ханш 3-аас дээш хувиар буурчээ.  Хэрвээ 10 дугаар сарын 31-нд хатуу Брексит болбол фунт стерлингийн доллартой харьцах ханш 1:1 болж унана гэж зарим банкууд таамаглаж байна. 


Хэрвээ Их Британи улс гэрээ хийлгүйгээр ЕХ-ноос гарвал 39 тэрбум долларыг тус холбоонд төлөхгүйгээр хэмнэлт гаргаж болох юм. Гэсэн хэдий ч эдийн засаг нь нэлээд ганхах бөгөөд тус улсын 66 сая хүн амын 41 хувийг эзэлж буй харьцангуй бага орлоготой хүмүүсийн ахуй амьдрал хүндэрнэ. Нөгөөтэйгүүр, одоогийн байдлаар ЕХ-ны гишүүн 28 улсын ДНБ нь /19 их наяд доллар/ дэлхийн эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд Европын эдийн засагт хатуу Брексит мэтийн “саатал” гарах аваас 10 жилийн өмнөх хямралын хүндрэлээс бүрэн гарч чадаагүй байгаа дэлхий дахиныг дараагийн хямрал нэрвэх магадлал өснө. Тэр тусмаа дэлхийн янз бүрийн бүс нутагт байгалийн гамшиг нүүрлэж, худалдааны дайн, хоригийн дайн дэгдээд буй үед шүү дээ.


Парламентын үйл ажиллагааг зогсоож байсан тохиолдлууд


1628 онд Карл I хаан парламентын үйл ажиллагааг зогсоож байсан нь анхны тохиолдол юм. Улмаар хаан, парламент хоёрын зөрчил хурцадсаар иргэний дайнд хүргэж байсан гашуун түүх бий.


1948 онд буюу Лордуудын танхим өөрийнх нь эрх мэдлийг хумихад чиглэсэн шинэчлэлийг эрс эсэргүүцэж байсан тэр үед засгийн газар 1911 онд батлагдсан хуулийн заалтыг ашиглахаар шийджээ. Хуульд зааснаар, Лордуудын танхим нь зөвхөн дараалсан 3 чуулганы хугацаанд л тухайн хуулийг батлахгүй хойшлуулах эрхтэй байсан боловч тухайн чуулган хэдий хугацаагаар үргэлжлэх ёстойг хуулинд тусгаж өгөөгүй байсан аж. Лордуудын эсэргүүцлийг даван гарч, нэг чуулганы хугацааг 10 хоног болгохын тулд засгийн газар Хатан хаанд хандан, парламентын үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг тавьж байжээ.

Өөр нэгэн тохиолдол бий. 1997 онд Нийтийн танхимын зарим гишүүд бусдын хүсэлтээр ямар нэгэн асуудлыг парламентаар хэлэлцүүлэхийн тулд мөнгө авч байсан тухай дуулиан дэгдэж байх үед Консерватив намын дарга бөгөөд Ерөнхий сайд асан Жон Мэйжор уг асуудлаар мэтгэлцээн явуулахгүйн тулд парламентын үйл ажиллагааг түр зогсоох хүсэлтийг Хатан хаанд тавьж байв. 


Жонсоны тактик ба дахин сонгууль болох магадлал    


Хэрвээ Борис Жонсоны талынхан Нийтийн танхимд хангалттай олонхийг бүрдүүлж байсан бол парламентын үйл ажиллагааг зогсоох тухай асуудал үүсэхгүй байсан. Гэтэл парламентын гишүүдийн олонх нь “хатуу Брексит”-ийг эсэргүүцэж байгаа билээ.


Улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар, Б.Жонсон юуны түрүүнд улс орноо ЕХ-ноос гаргаад дараа нь намаа удирдан парламентын сонгуульд орох зорилготой гэдэг нь илт байна. Харин Жонсоныг эсэргүүцэгч сөрөг хүчнийхэн эхлээд түүнийг огцруулж, дараа нь “Брексит”-ийг хойшлуулах хүсэлтийг ЕХ-нд тавьсаныхаа дараа сонгууль явуулах бодолтой байх шиг. Гэхдээ сөрөг хүчин болох Лейборист нам ялж чадах уу? Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээр Жереми Корбин намаа удирдсан тохиолдолд ялах магадлал бага байгаа аж. Тэгэхээр сонгуулийн дүнг урьдчилан таамаглахад улам бүр төвөгтэй болж байна. 


Нөгөөтэйгүүр, итгэл үзүүлэх эсэхийг ердийн олонхийн саналаар шийддэг. Одоогоор Консерватив нам парламентад тун ялимгүй олонх болж байгаа бөгөөд Жонсоныг огцруулахаар тус намаас хэдэн хүн санал өгөх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Гэхдээ Жонсонд итгэл үзүүлэхгүй байлаа ч гэсэн түүнд дахиад боломж бий. Учир нь, огцорсныхоо дараа тэрбээр хугацаанаасаа өмнө болох парламентын сонгуульд ялалт байгуулж чадвал 5 жилийн хугацаанд улс орноо удирдах эрхтэй болно. Харин одоо бол 2022 он хүртэл Ерөнхий сайдаар ажиллах мандаттай бөгөөд Мэй огцорсны дараа намын дотоодын санал хураалтаар намын дарга болсон билээ.


Хугацаанаас өмнөх сонгуулийг товлосон тохиолдолд парламентын үйл ажиллагааг 25 хоногийн хугацаагаар зогсоож, депутатууд сонгуулийн сурталчилгаагаа хийх юм.  Ингэснээр 10 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд ЕХ-ноос Их Британи гарахад хэн ч саад хийж чадахгүй нь.


Б.Адъяахүү

Эх сурвалж:ВВС

Холбоотой мэдээ