120 өрхөд гэр олгов

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-29 16:10:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас 120 өрхөд иж бүрэн өргөө цагаан гэр гардууллаа. Гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 онд аймгийн ИТХ-ын 05 тоот тогтоолоор “Аз жаргалтай –Гэр бүл” дэд хөтөлбөрийг батлуулж, улмаар 200 сая төгрөгийг уг ажилд шийдвэрлүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд орох оронгүй, эцэг эхийндээ амьдардаг, айлын гэр түрээсэлдэг, шинэ залуу гэр бүлүүд өөрийн гэсэн орон гэргүй гэх тохиолдлууд их байдаг. Тиймээс эдгээр өрхөд гэр олгох санаачилгыг манай байгууллагаас гаргаж, аймгийн ИТХ-д санал тавьсаны үндсэн дээр "Аз жаргалтай гэр бүл" дэд хөтөлбөрийг батлуулсан. Гэр бүл дэмжих туршилтын хөтөлбөр манай аймагт хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа. Нийт 1500 өрхөд судалгаа хийж, нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай 270 өрхийг сонгон, бодитой олон төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Үүний нэг нь энэхүү гэр олгож буй явдал гэдгийг ГБХЗХГ-ын дарга О.Балжинням нээлтийн үгэндээ онцоллоо.

Гэр авч буй иргэдэд 13 сум, Баруун-Урт сумын есөн багийн төлөөлөл багтжээ. Өрх толгойлсон эцэг эх, амжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой, хорих ангиас суллагдсан иргэн, архины хамааралтай гэр бүлээс гадна залуу гэр бүлийн төлөөлөл ч тэдний дунд байлаа.

Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэн М.Лхагвамаа нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Хоёулаа дээд боловсрол эзэмшээд, төрөлх нутагтаа ажиллаж амьдарна гэж ирээд гурван жил болжээ. Энэ хугацаанд тогтмол түрээсийн байр дамжин амьдарч ирсэн бөгөөд, уг хөтөблөрт хамрагдаж гэрээ хүлээн авсан юм. Тэрээр сэтгэгдлээ хэлэхдээ, Нөхөр бид хоёр хоёулаа ажилтай. Нутаг орондоо ирээд сайхан байгаа. Гэхдээ залуу гэр бүл учир өөрийн гэсэн орох оронтой болж чадалгүй өдийг хүрсэн. Бидний энэ байдлыг олж мэдээд, биднийг дэмжин таван ханатай иж бүрэн өргөө цагаан гэр олгосонд үнэхээр их баяртай байна. Монгол гэр арчилгаа их шаарддаг учир одооноос бэлтгэлээ хангаж эхэлсэн хэмээв.

Гэр гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд тэргүүтэй удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцов.

Холбоотой мэдээ