Орхон аймагт өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж 450 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-07 12:10:22
oyuka_hu@yahoo.com

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас анх удаа өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих зээл олгож эхэллээ.

Нийт 450 сая төгрөгийг Баян-Өндөр, Жаргалант суманд олгохоор болов. Үүнээс 300 сая төгрөгийг  80 мянга гаруй хүн амтай Баян-Өндөр суманд олгоно. Уг зээл нь жилийн 9 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай бөгөөд эхний жил зөвхөн хүүгээ төлнө. Ингэхдээ Баян-Өндөр сумын иргэн 15 хүртэлх, Жаргалант сумын иргэн 10 хүртэлх сая төгрөг зээлж болох ажээ. Зээлд хамрагдах хүсэлтэй иргэд энэ сарын дөрвөнөөс өнөөдрийг дуустал сумынхаа Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж бичиг баримтаа бүрдүүлэх юм. Уг зээл арилжааны банкаар дамжиж олгогдох тул барьцаа хөрөнгө шаардагдах ажээ.

Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих зээл нь улсын хэмжээнд анх удаа олгогдож байгаа юм. Улаанбаатар хотын 9 дүүрэг, 330 суманд 47 тэрбум төгрөгийг баталжээ.

Дашрамд дурдахад, Орхон аймагт жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхэлдэг 2900 орчим иргэн бий. Үүнээс 142 нь боловсруулах чиглэлийн үйлдвэр юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ