Францад мөнгө төлж бэлгийн харьцаанд орохыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНПАРИС. /ВВС/. Францын парламент мөнгө төлж бэлгийн харьцаанд орох, биеэ үнэлэгч худалдан авахыг хориглох тухай хууль баталж, түүнийг зөрчсөн тохиолдолд 3750 еврогийн торгууль хүлээлгэх шийдвэр гаргажээ.
Мөн ийм төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсийг биеэ үнэлэгчдэд тулгарч буй нөхцөл байдлын талаарх сургалтад хамруулах ажээ.
Францын парламентын хоёр танхим уг асуудалд хоёр өөр зөрчилтэй байр сууринаас хандаж байсан учраас хуулийг батлах хугацаа хойшлогдсоор хоёр жил өнгөрсөн байна. Хуулийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж байх үеэр хэсэг биеэ үнэлэгчид эцсийн эсэргүүцлээ илэрхийлжээ.
“Намайг чөлөөлөх хэрэггүй, би өөрөө өөрийгөө хариуцна" гэсэн үгтэй зурагт хуудас барьсан 60 орчим хүн Парис хот дахь парламентын ордны өмнө жагссан байна.
Энэ хууль гарснаар 30-40 мянган биеэ үнэлэгчдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэж секс үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн “Strass” холбооны гишүүд мэдэгджээ.
Харин уг хуулийг дэмжигчдийн хувьд хүний наймааны сүлжээтэй тэмцэхэд тус дөхөм болно гэж үзжээ.
Д.Нямтулга