Нийслэлийн амаржих газруудын төрөх орыг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-08-27 14:37:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан өнөөдөр Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II төрөх эмнэлэгт ажиллалаа.


Энэ үеэр ДЭМБ-ын санхүүжилтээр төрөхийн 4 орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хүлээлгэн өгөв.

Уг ор нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зориулсан, өндөр намыг нь тохируулж болохуйц сүүлийн үеийн шийдэлтэй аж. Цаашид тус орыг хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд хандивлахаар төлөвлөжээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Дэлхийн хүн төрөлхтөн  нийтээрээ эх хүүхэд, эмэгтэйчүүд, нийт иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж байна. 2015 онд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон.  Одоо бид Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын гол уриа нь “Хөгжлөөс хэн ч үлдэж, хоцрох ёсгүй” бөгөөд “Хүн төвтэй хөгжил”-д хөл нийлэн алхаж байгаа нялхас, хүүхэд өсвөр үе, идэр нас, нөхөн үржихүйн насны болон ахмад бүгдийг хамруулан сайн сайхан амьдруулах гэсэн зарчимтай агаар нэгэн байгаа юм. Монгол Улс дээрх зорилтыг биелүүлэх, ард иргэдийнхээ сайн сайхан байдлыг хангах зорилгоор олон ажил хийж байгаагийн нэг нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Бид эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон салбарын хамтын ажиллагааг чиглүүлэн, ур чадвараа дайчлан, чанартай тусламж үйлчилгээг чин сэтгэлээсээ үзүүлж байж тогтвортой хөгжлийн зорилтоо амжилттай биелүүлж, өмнөх амжилтаа бататгаж чадна” гэв.

Мөн тус амаржих газарт “Имж” эхийн асаргааг нэвтрүүлсэн туршлагатай танилцсан юм. 2014 оноос “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийг улсын хэмжээнд  хэрэгжүүлсний үр дүнд 2016 оноос хойш нийслэлийн эрт нярайн эндэгдэл буурч нэг оронтой тоо руу шилжсэн, дутуу нярайн амьдрах чадварыг дээшлүүлдэг “Имж” эхийн асаргааг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна.


Холбоотой мэдээ