Того улс Косовог хүлээн зөвшөөрснөө хүчингүй болгожээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-26 15:08:01

БЕЛГРАД. /TASS/. Африкийн Того улс өөрийгөө зарлан тунхагласан Косово улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө хүчингүй болгосон 15 дахь улс болсныг Сербийн тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Ивица Дачич телевизийн “Pink” сувгаар мэдэгдсэн байна.


Того улсын эрх баригчид дээрх шийдвэрийг зургадугаар сарын 28-нд буюу Сербийн үндэсний гол баярын өдөр гаргажээ.


Сербийн Гадаад хэргийн сайд энэ оны тавдугаар сард Африкийн орнуудад айлчилжээ. Тэрбээр, Того улсын эрх баригчдаас гадна, Танзани, Мадагаскар, Свазиленд, Конго, Гана болон Сомалийн удирдагчидтай хэлэлцээ хийсэн байна. 


Серби болон Косовогийн дипломатчид сүүлийн саруудад Косовогийн асуудлаар хөгжиж буй орнуудыг өөрийн талдаа оруулах ажлыг идэвхтэй хийж байгаа юм. Бас нэгэн улс буюу Барбадос Косовог хүлээн зөвшөөрлөө гэж Косовогийн Гадаад хэргийн сайд өнгөрөгч хоёрдугаар сард мэдэгдсэн байна. Харин Папуа Шинэ Гвиней, Гана, Бурунди, Бүгд Найрамдах Суринам Улс, Гвиней-Бисау, Либери, Мадагаскар, Бүгд Найрамдах Палау Улс зэрэг улс Косовог хүлээн зөвшөөрснөө хүчингүй болгожээ.


Сербийн өөртөө засах Косово Метохия хязгаар нь 2008 оны хоёрдугаар сард тусгаар тогтносноо дангаар зарласан юм. 2010 онд НҮБ-ын Олон улсын шүүх тус хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Косово Улсыг хүлээн зөвшөөрсөн улсын тоо 100 хүрэхгүй гэж Сербийн эрх баригчид мэдэгджээ. Харин Косовогийн эрх баригчдын мэдэгдсэнээр, 117 улс тус улсыг хүлээн зөвшөөрсөн байна. Косовог хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ОХУ, Грек, Израил, Энэтхэг, Испани, БНХАУ зэрэг 60 гаруй улс мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ