БНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-22 14:48:03

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ыг зорин аялах гадаадын жуулчдын тоо сүүлийн 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн бөгөөд тус улсаар аялагчдын дийлэнхийг Хятад, Япон, Тайванийн 20-30-аад насны эмэгтэйчүүд эзэлж байжээ. 


Солонгосын Соёл, аялал жуулчлалын институтийн мэдээлснээр, гадаадын жуулчдын тоо 2009 онд 7.8 сая байсан бол 2018 онд 15.35 саяд хүрч, 96 хувиар нэмэгдсэн ажээ. Түүнчлэн өнгөрсөн онд БНСУ-аар аялсан жуулчдын 31.2 хувийг Хятад, 19.2 хувийг Япон, 7.3 хувийг Тайвань, 6.3 хувийг АНУ, 4.5 хувийг Хонконгийн иргэд тус тус эзэлсэн байна.


Жуулчдыг нас, хүйсээр ангилан үзэхэд, залуу эмэгтэйчүүд хамгийн их хувийг эзэлж байсан бөгөөд үүний шалтгааныг БНСУ-ын соёл урлаг болон гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын хөгжилтэй холбоотой хэмээн үзэж байгаа ажээ.


2009 онд БНСУ-аар аялсан Хятад эмэгтэйчүүдийн тоон үзүүлэлт 47 хувь байсан бол 2018 онд 59 хувь хүрч өссөн бол Япон эмэгтэйчүүдийн хувьд 57-гоос 63 хувь, Тайвань эмэгтэйчүүдийн хувьд 60-аас 67 хувь хүрсэн байна. Үүний зэрэгцээ 2018 онд БНСУ-ыг зорин аялсан Хятад жуулчдын 57 хувийг 20-30-аад насны эмэгтэйчүүд бүрдүүлсэн бөгөөд бусад орны жуулчдын дийлэнхийг мөн энэ насны бүсгүйчүүд эзэлж байжээ. 

Холбоотой мэдээ