ХАА-н салбарын биотехнологийн хөгжлийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-22 14:45:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /БОХХААБХ/-ны дарга Х.Болорчулуун өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.



Уулзалтын эхэнд Ноён Грегори Мэй, Монгол Улсад томилогдон ирээд удаагүй бөгөөд анхны албан ёсны уулзалтаа УИХ-ын БОХХААБХ-ны даргатай хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, АНУ-ын Элчин сайдын яамнаас Биоаюулгүй байдлын үндэсний хороо, ХХААХҮЯ, ХААИС-тай хамтран энэ сарын 23-нд зохион байгуулах гэж буй “Монголын хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн өнөөгийн хөгжил, цаашдын чиглэл” сэдэвт хурлын талаарх мэдээлэл өгсөн.



Энэхүү хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд буй АНУ-ын биотехнологийн судлаач, мэргэжилтэн Принц Аддэ хувиргасан амьд организмыг ашиглан гарган авсан бүтээгдэхүүний талаарх өөрийн судалгааны ажлын талаар Байнгын хорооны дарга Х.Болорчулуунд танилцууллаа.


Уулзалтаар талууд хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн хөгжил, бодлого чиглэл, хууль эрх зүйн орчны талаар ярилцаж, санал солилцов.

Холбоотой мэдээ