“Манзушир” цогцолбор 270 тэрбум төгрөгөөр босно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-21 13:23:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын төв цогцолбор болгох төслийн талаар өнөөдөр Монголын Архитекторын холбооны байранд танилцууллаа.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан, Манзушири хутагт сангийн тэргүүн, төслийн санаачлагч М.Энхболд төслийн танилцуулгыг нээж хэлэхдээ, "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор удахгүй нээгдэнэ. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажил дууссан. Одоо дараагийн шатны ажлууд эхэлж, төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж хамтран ажиллах үйл ажиллагаа явагдаж байна” гэлээ.



Цогцолбор нийтдээ 270 тэрбум төгрөгөөр босно. Улсын төсвөөс 37 тэрбум төгрөг гаргахаар суусан. Ихэнх зардлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас гаргахаар төлөвлөсөн. Жилдээ 1.3 сая жуулчин хүлээн авах уг цогцолбор 5 жилд өртөг зардлаа нөхөн эдийн засгийн ашгаа өгөх, нийслэлд хамгийн ойр орших, түүх, соёл, аялал жуулчлалын төв болно гэж төслийн эдийн засагч Г.Дарханчулуун танилцууллаа.




Энэ ажилд мөн манай бурхан шашны төлөөлөл идэвхтэй оролцож буйг Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц дуулгаад, “Манзуширын аялал жуулчлалын цогцолборыг түүх, археологийн судалгаанд түшиглэн, газар нутгийн байршлын онцлог, үйл ажиллагааны хэлбэр зэргээс шалтгаалж Манзуширын ариун орон, эрдэм дэлгэрүүлэх орон, урлахуйн бүтээлийн орон гэсэн гурван үндсэн хэсэгт тооцон төлөвлөсөн” хэмээн онцоллоо.

Тэрээр, аялал жуулчлал өөр өөрийн онцлог салбараар хөгжиж буй нэг жишээнд 300 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдэд түшиглэн байгуулах “Манзуширын аялал жуулчлалын цогцолбор” шашны чиглэлийн аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлснээр баттай орно” гэдгийг тэмдэглэв.


"Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборыг БОАЖЯ-ны захиалгаар бүтээн байгуулах бөгөөд ирэх жилээс төслийн ажил эхлэх юм байна. Төслийн ажлаас товч танилцуулбал, хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурханы орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.


Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км, нийт 17.4 км үргэлжлэх Cable car буюу агаарын зам барихаас гадна явган аяллын амралтын цэгүүдийг байгуулах аж. Олон улсын хэмжээний аялал жуулчлалын төв цогцолбор болох дээрх төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байна.

 

Б.Болд

Холбоотой мэдээ