Цэцэрлэгт 14 мянган хүүхэд шинээр хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-21 10:53:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2-5 настай хүүхэд 312 802 байгаагаас 2019-2020 оны хичээлийн жилд 275 809 хүүхэд цэцэрлэгт хамруулна.


Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 88.1 хувьд хүрч, цэцэрлэгт 14 455 хүүхэд шинээр  хамруулах боломж бүрдэж байна. Энэ нь өнгөрсөн жилийн хичээлийн үзүүлэлтээс 6.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Хамран сургалтын хувь ийнхүү нэмэгдэхэд шинээр барьж буй цэцэрлэгийн тоо нэмэгдсэн нь шууд нөлөө үзүүлж байна.


2019 онд ашиглалтад орох 93 цэцэрлэгт нийт 617 багш шаардлагатай. Эдгээр цэцэрлэгийг мэргэжлийн багшаар хангахын тулд сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх хөрвөх сургалтад багш мэргэжлийн дээд боловсролтой 240 хүнийг хамруулж, 2020 оны нэгдүгээр сард багтаан цэцэрлэгийн багш мэргэжлээр төгсгөх сургалт зохион байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ