Бан Ги Мүн: Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-20 16:06:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумын бага хурал Улаанбаатар хотноо анх удаагаа болж байна.  Уг хурлыг ГХЯ, “Эрдэнэс Монгол” ХХК болон Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм. 


Бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодон, Үндэстэн дамнасан корпорацуудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг хүндтэй зочид төлөөлөгчид оролцож байна. Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү оролцож "Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин" сэдвээр илтгэл тавьж байна.



Түүнчлэн Бага хурлын хүрээнд “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байгаа юм.


Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурлыг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан, Азийн түншүүдтэй харилцаагаа бэхжүүлж буйг тэмдэглэх нь зүйтэй. Монгол, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн бусад орны хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд хүрч байна. Байгалийн нөөцийн боловсруулалт, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа нь эдгээр улсад үр өгөөжөө өгч, Азийн эдийн засагт эерэг түлхэц үзүүлэв. Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор нь оролцогч орнуудын хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, улмаар Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлж, бүс нутгийн нийтлэг хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэгч форумын хувьд, Азийн төлөөх Боао форум нь Монгол Улсын хийж бүтээсэн зүйлд нь талархал илэрхийлж, Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна. Сорилт бэрхшээл, боломжоор дүүрэн дэлхийд Азийн төлөөх Боаогийн форум нь Азийн улс орнуудыг, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүрдүүлэхэд идэвхтэйгээр хувь нэмэр оруулахыг уриалж байна” гэлээ. 



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: "Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд бид олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь Боао форум юм. Боао форумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог. Бүс нутгийг сонирхсон томоохон бизнес, хөрөнгө оруулагчид энэ форум дээр цугладаг. Зөвхөн БНХАУ-тай хамтарсан бизнес эхлүүлэх биш энэ бүс нутагт худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хэрхэн ажиллах вэ гэсэн том зургаар харах юм бол эдгээр бизнес эрхлэгч Боао форумын хүрээнд Монгол Улсад цуглаад ярилцаж байгаад баяртай байна. Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлж байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч байгаа энэ үед Монголын зах зээлд шинэ боломжийг нээж өгөх хэрэгтэй. Энэ үүднээс бид олон форум зохион байгуулж байна. Нөгөө талаасаа энэ нь хөрөнгө оруулалтыг татах боломж юм. Бүс нутагт амжилттай бизнес эрхэлж буй бизнесменүүд, хөрөнгө оруулагчид Боао форумын тохиолдуулан Монгол Улсад ирж, хөрөнгө оруулах гэж буй бизнесээ нүдээрээ харах боломжийг олгож байгаа юм. Өчигдөр би Боао форумд оролцож буй хүмүүст хандаж, боловсролын салбарт анхаарал хандуулахыг уриаллаа. Өнөөдрийн мэдээлжсэн ертөнцөд хүн хоолоо олж идэхэд боловсрол чухал болж байна. Иймээс энэ хүрээнд хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн Монголынхоо бизнес эрхлэгчид шинэ боломжийг нээж өгч байгаагаараа энэ форум онцлог" гэлээ.



Монголын бизнес зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан: Бүс нутагт олон зүйл өрнөж байгаа нь эрсдэлийн хувьд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Боао форумыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь тохиолдлын чанартай зүйл биш юм. Бүс нутагт Монгол Улсын эзэлж буй байр суурийг харуулж буй хэрэг. Мөн БНХАУ-тай харилцаа холбоо өндөр дээд түвшиндээ хөгжиж байна. Энэ харилцаа эдийн засаг, бизнесийн боломжуудыг нээлттэй болгож, шинэ болон дэд бүтцийн бусад төсөл биеллээ олох нөхцөл байдал үүснэ. "Сonnectivity" гэсэн үгийг энэхүү чуулганд оролцож буй бүх хүн хэлж байна. Дэлхийн улс орнууд хоорондоо уялдаа холбоотой, харилцан хамааралтай, бизнесийн  хувьд харилцан ашигтай байхыг шаардаж байна. Энэ замаар явахгүй бол болохгүй байна. Тиймээс Боао форум шиг өөрийн гэсэн онцлогтой, зорилготой олон улсын талбарууд бий болж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна" хэмээв.



Холбоотой мэдээ