НҮБ-ын Ази, Номхон далайн комиссын даргыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-19 16:39:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай А.Алисжабанаг хүлээн авч уулзлаа.

Дэд сайд Ц.Батбаяр байгаль орчны салбарт хамтран ажиллаж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлээд 2017-2018 онд хэрэгжсэн “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв” хамтарсан төслийн үр дүнг онцлон тэмдэглэв. Мөн энэ тавдугаар сард тус комиссын 75-р чуулганаар баталсан Ази, Номхон далайн агаарын бохирдлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тогтоолын хэрэгжилтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хатагтай Арманда Алисжабана уулзалтын үеэр хэлэхдээ, хоёр тал Зүүн, зүүн хойд Азийн байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг онцолсон юм. Түүнчлэн ирэх 10-р сард тус хөтөлбөрийн ээлжит хурлыг хүлээн авч зохион байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний сүлжээ байгуулах талаар судалж буйгаа танилцуулан сэргээгдэх эрчим хүчийг хөхиүлэн дэмжсэнээр агаар болон орчны бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр болохыг тэмдэглэв.

Хоёр тал цаашид байгаль орчны салбар дахь боловсон хүчинг бэлтгэх талаар хамтран ажиллах, агаар болон орчны бохирдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтад НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман байлцав. 

Холбоотой мэдээ