Японд “Кроса” шуурганы улмаас олон хүн гэмтжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-08-16 09:49:47

ТОКИО. /Kyodo/. Пүрэв гарагт Японы баруун нутгаар асар хүчтэй “Кроса” хар салхи дэгдсэний улмаас нэг хүн амиа алдаж, 50 орчим хүн гэмтсэний зэрэгцээ зуны баярын олон аялал тасалджээ.


Номхон далайн эрэг орчмын бүс нутгуудаар 1200 орчим миллимерт хур тунадас унаж, хөрсний гулгалт, үерийн гамшиг нүүрлэх төлөвтэй байгаа талаар Японы Цаг уурын газраас анхааруулсантай холбогдуулан тус бүс нутгийн 7000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна.


“Кроса” хар салхины улмаас Күре, Хирошима мужийн ойролцоо орон нутгийн цагаар пүрэв гарагийн өдрийн 15 цагийн орчимд хөрсний гулгалт үүссэн бөгөөд уг шуурга шөнө дундын байдлаар 35 км/цагийн хурдтайгаар хойд зүгийг чиглэн урагшилж байжээ.


Энэ оны 10 дахь хар салхи хэмээн тооцогдож буй “Кроса” Японы баруун нутагт дэгдсэний дараа хүч нь аажмаар суларч эхэлсэн бөгөөд бямба гарагийн өглөө гэхэд халуун орны гаднах циклоны хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа талаар Цаг уурын газраас мэдээлсэн байна.


Пүрэв гарагийн өглөө Хирошима мужийн Ономичи хотын оршин суугч 82 настай эрэгтэйг завиа бөхлөн уяж байх үеэр хүчтэй салхи дэгдсэний улмаас тэрбээр далайд живж амиа алджээ. Түүнчлэн лхагва гарагаас пүрэв гарагийн хугацаанд 13 мужид нийт 49 хүн гэмтсэн гэж Японы Гал түймэр, байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээнд дурджээ.


West Japan Railway” компани пүрэв гарагт Шин-Осака болон Кокүра буудал хоорондын суман галт тэрэгний үйлчилгээгээ түр хугацаагаар зогсоосон бөгөөд баасан гарагаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Үүний зэрэгцээ Окаяма, Хирошима, Ямагүчи мужийн галт тэрэгний үйлчилгээ саатаж, “Shikoku Railway” компани баруун арал дээрх бүх үйлчилгээгээ түр хугацаагаар зогсоожээ. Мөн “Japan Airlines”, “All Nippon Airways” агаарын тээврийн компани дотоодын болон олон улсын 480 орчим нислэгээ цуцалсан байна. 

Холбоотой мэдээ