Төрийн албан хаагчдыг ажилласан жилээр эрэмблэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-14 15:30:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОСК-иас өнөөдөр мэдээлж байгаагаар түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтад 35.058 иргэн бүртүүлээд байна.


Бүртгэл өнгөрсөн 7 хоногт дууссан ч өнөөдөр биднийг НОСК-иар ороход дугаарласан хүмүүс олон байв. Тэдний дийлэнх нь дутуу бүртгүүлснээ гүйцээх, бүртгүүлснээ лавлах, баталгаажуулах гэсэн иргэд байв. Үйл явцын талаар бид НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэмтэй уулзаж зарим зүйлийг тодруулав.


-Бүртгэл хаагдсан ч танай ажил дуусаагүй бололтой. Өнөөдрийн байдлаар НОСК юу хийж байна вэ?

-Манайх түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэх журмыг гаргаж, цахим бүртгэл явуулсан. Одоо бүртгүүлсэн иргэдийг нийслэлээс байгуулсан ажлын баг сонгон шалгаруулж байна. Шаардлага хангасан иргэд ажлын багаас гаргасан журмын дагуу шаардлагатай бичиг баримтаа өөрийн биеэр авч ирэн баталгаажуулах ёстой. Энэ ажил энэ сарын 19-23-ныг дуустал үргэлжлэх ч эхнээсээ ирж байна. Энэ өдрүүдэд иргэд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад материалаа авч очино. Энэ хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхааруулж байгаа. Бид энэ талаар бүртгүүлсэн иргэдэд утсаар болон цахимаар мэдээлж байна.




Ер нь бол энэ бүхнийг түрээсийн орон сууцанд орох иргэдийг шалгаруулах эхний шатны ажил гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа иргэдийн материалыг нарийн шалгаж, тэнцсэн иргэдэд орон сууцанд орох нөхцөлөө танилцуулна. Тэгээд урьдчилгаа төлбөр болон гэрээгээ тохиролцох зэргээр үргэлжилж, эцэст нь орон сууцанд орох батламжийг өгснөөр дуусах юм. Ажлын багаас тавьж буй шаардлага, нөхцөлийг хангаж чадаагүй, бүрдүүлсэн материалаа нотолж чадахгүй бол дахиж бүртгэхгүйгээр хар жагсаалтанд орно гэсэн үг. Тиймээс иргэд энд тун няхуур хандах хэрэгтэй.

-Түрээсийн орон сууцанд орох иргэдийг тав ангилж бүртгэсэн. Тухайлбал, төрийн албан хаагчдыг хэрхэн сонгон бүртгэж, шалгаруулж байгаа вэ?

-Төрийн албан хаагчдын хувьд энгийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр тус бүр 72 квот олгож, нийт 144 хүн бүртгүүлээд байна. Тэдний хувьд хамгийн түрүүнд улсад ажилласан жилийг харгалзан сонгож байгаа. Дараагаар нь гэр хороололд амьдардаг байх ёстой. Жишээ нь, улсад ажилласан жил адил, гэр хороололд амьдарч буй хоёр хүн байлаа гэж үзэхэд тухайн оршин суугаа газар нь агаарын бохирдлын аль бүсэд байгаагаар нь сонгоно гэсэн үг. Тухайн хоёр хүний нөхцөл байдал бүгд адилхан байлаа гэхэд тухайн хүний гавьяа шагналыг харгалзан сонгоно гэх мэтээр шалгаруулна. Эцсийн эцэст энэхүү ажил маань нийслэлийн утааг бууруулах үүднээс гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зорилготойг та бүхэн мэдэж байгаа.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ