Бэсрэг наадам, дааганы баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-08-14 14:29:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт зохион байгуулсан “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын үйл ажиллагааны нэг хэсэг нь “Бэсрэг наадам”, “Дааганы баяр” байлаа.

Бэсрэг наадмын шагайн харваанд Монгол Улсын үлэмж дархан мэргэн нэг, дархан мэргэн хоёр, гарамгай мэргэн нэг, хошой мэргэн нэг, Монгол Улсын мэргэн харваач зургаа, харьшгүй мэргэн тав, аймгийн гоц мэргэн 23 оролцсон бол үндэсний сурын харваанд 26 спортын харваач оролцсоноос мастер зургаа, аймгийн мэргэн дөрөв байжээ.

Хүчит бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Дундговь аймгийн Гурвсансайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Доржсүрэн түрүүлж, Говь-Угтаал сумын харьяат, аймгийн арслан Т.Занданбат үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Луус сумын харъяат, аймгийн начин С.Лундаа, Дэлгэрхангай сумын харъяат, аймгийн харцага Б.Түвшинтулга нар шалгарч наадамчин олноо баясгав.

"Бэсрэг наадам"-ын хурдан дааганы уралдаанд 25 дааг гарааны зурхайгаас эргэснээс Өлзийт сумын уяач Д.Очирданзангийн хээр түрүүлж, Хулд сумын уяач Д.Эрболдын хээр аман хүзүүдэж, Цагаандэлгэр сумын уяач Д.Сайнбаярын зэгэл хонгор, Цагаандэлгэр сумын уяач Г.Отгонгэрэлийн хонгор, Гурвансайхан сумын уяач С.Бүдрагчаагийн зээрд халзан айргийн тавд хурдлав.

"Хос даага" шалгаруулах тэмцээнд Говь-Угтаал сумын Н.Түвшинбаярын хар даага, Цагаандэлгэр сумын Г.Отгонгэрэлийн хонгор, Говь-Угтаал сумын Б.Тулгын хүрэн тус тус шалгарсан аж.

Харин "Ум марзай гийнгоо" дуудах тэмцээнд 25 хүүхэд оролцож, Говь-Угтаал сумын сурагч Т.Энхмаа тэргүүн байрт, Сайнцагаан сумын сурагч Б.Түвшинсайхан, Цагаандэлгэр сумын сурагч Н.Мөнхдэлгэр нар удаах байрт шалгарлаа.

"Морь цоллох уралдаан"-д Говь-Угтаал сумын сурагч Т.Баяржавхлан түрүүлж, Баянжаргалан сумын сурагч З.Мөнх-Эрдэнэ, Говь-Угтаал сумын сурагч Н.Гомбожав нар удаалжээ. 

Холбоотой мэдээ