“Дархан их урлаг-II” төсөл гурван үе шаттай хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-05 23:26:47

“Энэ онд Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож байгаатай холбогдлуулж аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид “40 жил дөрвөн өнгө”, “Домог амилсан нутаг” дуулалт жүжиг, “Арслан хүлэгт баатар” хүүхдэд зориулсан тоглолтуудыг амилуулахаар бэлтгэж байна” гэж аймгийн Залуучуд театрын дарга А.Болорсүх ярилаа.

Мөн уг ойн хүрээнд иргэдийнхээ оюун, соёлын хөгжлийг дэмжиж улсынхаа мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулж сонгодог урлагаар үйлчилж сурталчлах зорилгоор “Дархан их урлаг-II” төслийг амжилттай зохион байгуулж байна. Уг төсөл албан ёсны нээлтээ аймгийн Залуучууд театрт өнгөрсөн сарын 29-нд хийсэн бол удаах тоглолт нь 30-нд болсон юм. Нээлтэд аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож уран бүтээлчдэд баяр хүргэсэн. Төслийн эхний тоглолтод Улсын Филармони, Үндэсний Дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн Дуу Бүжгийн эрдмийн чуулгынхан уран бүтээлээ толилууллаа. Дараагийн тоглолт нь энэ сарын 29, 30-нд болох бол 6 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд цуврал болгож өргөн барина.

Харин есдүгээр сард Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн улсын IV уралдааныг Дархан-Уул аймагт зохион байгуулахаар болжээ.

                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ