Бизнес эрхлэгчдэд Японы зах зээлд нэвтрэх боломжийн талаар зөвлөлөө

Монголын мэдээ | Эдийн Засаг
munkhbaatar@montsame.mn
2019-08-10 14:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Шизоука муж Эдийн засаг аж үйлдвэрийн газар, Японы “Жетро” байгууллагын төлөөлөгчид болон Японы бизнес эрхлэгчид энэ сарын 8-9-нд Монголын бизнесийн төлөөллүүдтэй уулзлаа.


“Японы Шизоука муж болон Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийн хамтын ажиллагааны боломж” нэртэй уг семинар уулзалтыг ХХААХҮЯ, ЖДҮХС, Экспорт олон улсын худалдааны төв (EITC) хамтран зохион байгуулав. Уулзалтын үеэр, Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудын талаар хоёр тал санал солилцсон юм. Мөн манай улсын бизнес эрхлэгчид Японы зах зээлд нэвтрэхтэй холбоотой бизнесийн зөвлөгөөг авлаа.



Алдарт Фүжи уулын дунд орших Шизоука муж нь Япон улсын төвд орших таатай байрлалтай бөгөөд газар, далай, агаарын тээврийн дэд бүтцийн өндөр хөгжилтэй ачаа, тээврийн техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, химийн үйлдвэр, хүнс, ундаа тамхи зэрэг төрлийн бүтээгдэхүүнээр давамгай хөгжсөн муж юм. Тухайлбал, тус мужаас дэлхийд алдартай Yamaha, Suzuki, Kawai, Tamiya зэрэг брэнд төрөн гарсан байдаг. Шизоука мужаас Японы аж үйлдвэрийн шинэ эрч хүч төрдөг гэж үздэг шинэ технологи, ноу хаугаараа алдартай. Шизоука  муж нь өнгөрсөн 2011 онд Дорноговь аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.



Мөн үеэр ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэг нар Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилго, Монголын Жижиг дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ хэрхэн экспортын чиг баримжаатай хөгжүүлэхээр зорьж байгаа талаар танилцуулав.


Манай улсаас Японы зах зээлд гаргаж буй голлох бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн юм. 2018 онд Монгол Улс Японоос 57.2 тэрбум иений бүтээгдэхүүн импортоор авч, 3.6 тэрбумын бараа нийлүүлсэн байна. Энэ нь манай улсын аж ахуйн нэгжүүд тус улсын зах зээлд гарах бүрэн боломжтойг харуулж байгаа семинарт оролцогч талууд онцолж байлаа.

Холбоотой мэдээ