Жолдошбек Тилек: Өрсөлдөөн гэхээс илүүтэй бидний нөхөрлөл бэхжилээ

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.mn
2019-08-09 17:07:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цэргийнхэн дайн тулааны талбарт бус, тэмцээн уралдаанаар мэргэжлийн ур чадвараа сорих ёстой” гэсэн энх тайванч үзэл дор “Дэлхийн цэргийн наадам” энэ сарын 3-нд дэлхийн 10 оронд нэгэн зэрэг эхэлсэн. Тус наадмын шинэхэн төрөл дэлхийн анхны морин цэргийн уралдааныг манай улс “Аравт” нэртэйгээр амжилттай зохион байгуулж шилдгүүдээ өчигдөр тодрууллаа.


Цэргийнхний мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг сорихын сацуу морь унах, морьтой харьцах нарийн чадвар шаардсан энэ уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын баг өрсөлдөж, АНУ, БНХАУ, Вьетнам, Зимбабве зэрэг орноос ажилагчаар оролцсон юм.



Уралдааны нийлбэр дүнгээр Монгол Улсын аравтын бүрэлдэхүүн тэргүүн байрт шалгарсан бол, дэд байрт Казахстан улсын дайчид тодорсон байна. Харин ОХУ болон Киргиз улсын баг гуравдугаар байр эзэллээ.


Уралдааны хаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, БНКазУ-ын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев болон уралдаанд оролцогч, ажиглагч орны элчин сайд, генерал, офицерууд оролцов.


“Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд түрүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний багт нэгдүгээр байрын шагналыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гардуулж, баяр хүргэлээ.



Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, "Морин цэргийн анхдугаар уралдаанд оролцож, бэрхийг туулж, саадыг даван барианд орсон бүх тамирчин дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Монголын шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдлуудад монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй. Удахгүй 80 жилийн ойг нь тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалтыг авчралцсан гавьяатай юм. Бид Халхголын түүхэн ойг мөр зэрэгцэн тулалдаж явсан анд нөхөдтэйгөө өргөн тэмдэглэхээр зэхэж байна. ОХУ-ын санаачилгаар зохион байгуулагддаг “Цэргийн тоглолт” олон улсын уралдааны хөтөлбөрт энэ жилээс шинээр “Аравт” морин цэргийн уралдааныг оруулж, анхных нь тэмцээнийг Монгол Улс зохион байгуулсанд бид онцгой ач холбогдол өгч байгаа. “Аравт” морин цэргийн тэмцээн юуны өмнө уламжлалт найрамдал нөхөрлөл, ард түмнүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тустай. Түүнчлэн аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг ханган бэхжүүлж, хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхлыг хамтын хүч, нягт ажиллагаагаар хангах бэлтгэл болж, итгэлцлийг нэмэгдүүлж байна. “Цэргийн тоглолт” олон улсын уралдаан жилээс жилд хүрээгээ тэлэн байгаатай зэрэгцэн “Аравт” морин цэргийн уралдаанд оролцогчдын тоо ч нэмэгдэж, улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Морьтон дайчдын өлгий нутагт дахин баяртай уулзаж, хүч чадлаа сорих, ур чадвараа гайхуулахыг урья" хэмээсэн юм. 



“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, “Цэрэг хүний хөдөлмөрийг морин марштай хослуулсан энэ уралдаан өмнө нь хэзээ ч, хаана ч болж байгаагүйгээр онцлогтой. Эх орноо хамгаалах ариун үүрэгтэй цэрэг хүнийг техник хүрэх боломжгүй газарт хүргэх хамгийн гол туслагч нь морь гэдгийг энэхүү уралдаанаас харлаа. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд итгэл хүлээлгэж, уг уралдааныг зохион байгуулах санал тавьсан. Энэ дагуу уралдааныг өнгөрсөн онд Зэвсэгт хүчний анги, байгууллагын хүрээнд дотооддоо зохион байгуулсан юм. Уралдаан амжилттай явагдаж, олон улсын хэмжээнд зохион байгуулж болох юм байна хэмээн саналыг нь хүлээж авсан. Энэ уралдааныг зохион байгуулсан нь БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний анги, салбарын хамтын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн” хэмээв.



Тус уралдаан нь холын зайн 130 км-ийн марш, богины зайн 7.2 км-ийн марш гэсэн хоёр үе шаттай бөгөөд тухайн зайг туулахдаа, тусгайлан бэлтгэсэн цэгт багаар даалгавар гүйцэтгэсэн юм. Тодруулбал, Эхний шатанд 130 км-т усан болон минийн саадаар гарч, морь бугуйлдах, түүнийгээ уналгад бэлтгэх, молцог элсэнд хоноглох, шархтныг татаж гаргах, сум, галт хэрэгслээ морь ашиглан зөөвөрлөх зэрэг сорилыг давсан. Дараагийн шатанд багууд тус бүр 7.2 км-ийн богино зайд уралдахдаа, явган гараанаас гарч, гранат шидэх, саадын зурвас туулах, буудлага хийх зэрэг сорил гүйцэтгээд, мориноос гранат шидэх, тактикийн ажиллагаа зэрэг дасгалыг давсан.


Шагнал гардуулах үеэр, уралдаанд оролцсон тамирчдын сэтгэгдлийг сонслоо.


Ч.МӨНХТҮШИГ: ЦАГ АГААРЫН ХҮНД НӨХЦӨЛД ДААЛГАВАР ГҮЙЦЭТГЭЛЭЭ




Монгол Улсын багийн дасгалжуулагч, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг, “Бидний санааг маш их зовоосон зүйл нь мэдээж цаг агаар. Монголын баг даалгавар гүйцэтгэх үед цаг агаар хүндэрч, аадар бороо орж байлаа. Гэхдээ миний хувьд, тамирчиддаа итгэж байсан. Манай залуус цаг агаарын хүнд нөхцөлийг үл ажран, 130 км-ийн маршид бусад багуудаас тасархай түрүүлж барианд орсон юм. Энэ дашрамд, Монголын сайхан оронд хүрэлцэн ирж, дэлхийд ганцхан морин цэргийн уралдаанд хүчээ сорьж, харилцан туршлагаа солилцсон бусад орны тамирчиддаа талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье” хэмээв.



Тасгийн дарга, дэслэгч Т.Түмэнцэнд, “Манай баг Зэвсэгт хүчний 120, 256, 330, 232 дугаар ангиас бүрдсэн. Монгол тамирчдын хувьд, эх орондоо монгол морио унаж байгаа нь давуу тал байсан. Монголчууд өвгөдөөс уламжилж ирсэн нүүдэлчин ахуй, адуу малтай харьцаж өссөн ард түмэн. Бусад орны цэргүүдийн хувьд, богино хугацаанд морьтой харьцах чадвар суусан байна. Маш өрсөлдөөнтэй байлаа. Монгол Улсад төдийгүй дэлхийд анх удаа зохиогдсон энэхүү тэмцээнд багаараа тэргүүн байр эзэлсэндээ туйлын их баяртай байна. Энэ амжилт гаргахад дэмжиж байсан багш, дасгалжуулагчдаа талархлаа. Мөн тэмцээн зохион байгуулсан хорооныхонд баяр хүргэе” гэлээ.


Монгол Улсын баг тамирчид Зэвсэгт хүчний уралдаан тэмцээний тэргүүн эгнээнд явдаг, шилдэг алба хаагчид аж. Тухайлбал, тасгийн дарга, дэслэгч Т.Түмэнцэнд нь Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик, саадын зурвас, мэргэн буудагчийн хоёр төрөлтцэрэгжилтийн гимнастик зэрэг тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байжээ. Тэрээр спортын мастер, жүдо бөхийн дэд мастер цолтой. Мөн дэслэгч Г.Цэнд-Аюуш нь Зэвсэгт хүчний сагсан бөмбөг болон гар бөмбөгийн шилдэг довтлогч аж. Харин М.Идэрбатын хувьд, 2013, 2014, 2017, 2019 оны Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд анги байгууллагаараа амжилттай оролцсон шилдэг ахлагч юм.


С.МЕРИКУВ: МОНГОЛ МОРЬ ДАВЖАА БИЕТЭЙ Ч ХҮЧТЭЙ БАЙЛАА





Казахстаны Ерөнхий дасгалжуулагч, гуравдугаар зэргийн түрүүч С.Мерикув, “Монгол Улс уулархаг бүс нутагтай юм байна. Үүнийгээ ч монгол морь давах чадвартай нь анзаарагдлаа. Монгол морь давжаа биетэй ч гайхамшигтай тэсвэр, хүч чадалтай юм. Монгол Улсын Зэвсэгт хүчнийхэн биднийг ирсэн цагаас санаа тавьж, найрсаг хандаж байсан. Зохион байгуулалт олон улсын түвшинд байж чадлаа. Манай багийн хувьд хоёр асуудал байсан. Монгол морьдод дасах, мориноос гранат шидэх даалгавар хэцүү байсан” гэв.



Казахстаны багийн ахлагч, түрүүч Б.Абай, “Маш хүнд сорил даалгаврыг бүх хүчээ дайчлан давж, хоёрдугаар байр эзэлсэнд багийнхнаараа бахархаж байна. Холын зайн марш хамгийн хүнд байсан. Ялангуяа усан саад давах, хээр хоноглох даалгавар хэцүү байлаа. Тухайлбал, Уралдааны үеэр бороо орж байсан тул хоноглох газраа майхан барих, хоолоо бэлтгэхэд бэрхшээл тулгарсан. Үүнээс гадна хамгийн сүүлийн цэгээс бариа хүртэл өндөр уул давсан. Энэ үед бид морио ядраахаас сэргийлж, хөтлөөд гүйсэн. Мориноос илүү өөрсдийгөө ядраахыг чухалчилсан” хэмээв.


Казахстан улсын Зэвсэгт хүчин “Аравт” олон улсын уралдааны дүрэм журмын дагуу дотооддоо тэмцээн зохион байгуулж, шилдэг 23 алба хаагчаа энэ тэмцээнд илгээсэн байна. Хамгийн бага торгуулийн тойрог авсан энэ баг бэлтгэлээ өндөр түвшинд хангасан нь ажиглагдсан. Багийн тамирчид өндөрлөг бартаа саадтай газарт морио хөтлөн гүйж, ядраахгүй байх тактик хэрэглэж байв.




С.САГДИГ: ИРЭХ ЖИЛ БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ, ДАХИН ОРОЛЦОНО



ОХУ-ын багийн ахлагч, түрүүч С.Сагдиг, “Бид уралдаанд оролцохын өмнө гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн. Ингэхдээ Тува морьдыг ашигласан. Тува морь нь Монгол морьтой ялгараад байх зүйлгүй. Тэмцээний үеэр, зарим нэг зүйлд үл ойлголцол байсан, цэгүүдийн биелүүлэх даалгавар маш хүнд байлаа. Бидний хувьд өмнө нь олон улсын ямар нэгэн уралдаанд оролцож байгаагүй. Бид морь бугуйлдах зэрэг Монгол уламжлалт даалгаврыг маш сайн гүйцэтгэсэн. Гэвч морины ааш араншин, хоол тэжээлийг хэрхэн тооцоолж өгөх тал дээр алдсан гэдгээ ойлгосон. Монгол морьд туранхайвтар байсан ч их хүчтэй байлаа. Энэ тэмцээнээр монгол морины араншин, онцлог чанарыг илүү сайн мэдэж, туршлага олж авсан. Тиймээс ирэх жилийн тэмцээнд бэлтгэлээ сайн базаагаад дахин оролцоно. Уралдааны зохион байгуулалт олон улсын хэмжээнд болж чадлаа” гэв.


ЖОЛДОШБЕК ТИЛЕК: ӨРСӨЛДӨӨН ГЭХЭЭС ИЛҮҮ БИДНИЙ НӨХӨРЛӨЛ БЭХЖИЛЭЭ



Киргизийн багийн тамирчин, дэд түрүүч Жолдошбек Тилек, “Миний хувьд, Киргизийн Зэвсэгт хүчинд алба хаагаад гурван жил болж байна. Монгол Улсад “Аравт” уралдаанд оролцсоноороо олон найз нөхөдтэй боллоо. Найзуудын маань морь унах соёл үнэхээр гайхалтай сайн юм. Тэднийг их биширсэн. Энэ уралдаан өрсөлдөөн гэхээс илүү бидний нөхөрлөлийг улам бататгаж чадлаа. Надад алсын зайн морин марш болон богины зайн холимог буухиа хүнд санагдаагүй. Цэрэг хүн ийм л даалгавар биелүүлэх гэж сэтгэлзүй болоод бие бялдарын хувьд бэлтгэгдсэн байх ёстой. Монгол, Орос, Казах найзууддаа баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.



Киргизийн багийн дасгалжуулагч К.Айдарбек, “Монгол Улс цаг агаарын хувьд, манай улсынхтай ойролцоо ч уралдааны үеэр бороо их орж, сэрүүхэн байлаа. Уралдаанд оролцохоо хамгийн сүүлд мэдсэн учраас 15 хоногт л бэлтгэл хийсэн. Гэхдээ Монгол офицеруудын ачаар бэлтгэлээ сайн базаасан. Монгол морины хувьд, давжаа биетэй ч их хүчтэй юм байна. Уралдааны үеэр хамгийн хүнд дасгал нь морин дээрээс гранат шидэх байлаа. Тэмцээний дүрэм журмыг нарийн сахиж, морины аюулгүй байдлыг хангахад хамгийн их анхаарал хандуулсан. Монголын тал уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж чадлаа. Биднийг анх ирэхээс авхуулаад халуун дотноор хүлээн авч, найрсаг хандаж, тулгарсан бэрхшээл бүрийг тэр дор нь шийдвэрлэж өгч байсан. Монголд ирэхэд, Улаанбаатар хот надад маш их сэтгэгдэл төрүүлсэн, сайхан хот байлаа” хэмээв.


КРИСТОФЕР МУФА: МОНГОЛЫН СОЁЛ, ТАНИН МЭДЭХҮЙН ОЛОН ЗҮЙЛ СУРЛАА


Уралдааны ажиглагч орны төлөөлөл Зимбабве улсын Зэвсэгт хүчний Морьт хорооны захирагч, дэд хурандаа Киростофер Муфагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр хэлэхдээ, “Цэрэг гэлтгүй морины шандасыг хүртэл сорьсон том уралдаан боллоо. Монгол Улсын Зэвсэгт хүчин бэлтгэлээ маш сайн хангасан байна. Уралдаанд оролцсон бусад орны дайчид ч хүчтэй байна. Соёлын болон танин мэдэхүйн олон зүйлийг сурлаа. Манай улсад чөдөр, аргамжаа гэж байдаггүй. Харин монгол адууны өв соёл, уналга, хэрэглээтэй холбоотой асар олон зүйл байдаг юм байна. Улсынхаа зэвсэгт хүчнээ төлөөлөн тэмцээнийг ажиглалаа. Ирэх жил уралдаанд оролцох шийдвэрийг манай удирдлагууд гаргана. Миний хувьд, уралдаанд оролцох ёстой гэсэн хүсэл, эрмэлзлэлтэй байна. Манай улсын Зэвсэгт хүчин адууг өргөн хэрэглэдэг. Манай морь том биетэй. Монгол адууны тухайд, биеэр жижиг атлаа маш их хүчтэй гэдгийг нь анзаарлаа” гэв.



Уралдааны холын зайн маршид Монгол Улсын баг 11.46 цагийн амжилт үзүүлсэн бол, Казахстан, Киргизийн баг 12.12 цагийн хугацаатай барианд орсон. Харин ОХУ-ын баг 12.33 цагийн хугацаагаар удаалсан. Ойрын зайн маршид, Казахстан улсын баг 00.40 минутаар тэргүүлж, Монгол Улсын баг 00.42 минутаар удаалсан. Харин ОХУ-ын баг 00.45 минутын амжилт үзүүлж, Киргизийн баг 00.54 минутаар барианд орсон юм.


ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар “Дэлхийн цэргийн наадам” тав дахь жилдээ болсон бөгөөд манай улс тус наадмыг анхнаас нь дэмжиж оролцож ирсэн. Тэгвэл энэ жил оролцогчоос зохион байгуулж орон болж нэгдсэн юм.


Дашрамд дурдахад, "Дэлхийн цэргийн наадам-2019"-ын хүрээнд 32 төрлийн уралдаан зохион байгуулахаас ОХУ-ын газар нутагт 16 нь болж байна. Хамтран зохион байгуулагч Монгол, Азербайжан, Армен, Беларусь, БНХАУ, Иран, Казахстан, Узбекистан, Энэтхэг улсын газар нутагт  бусад уралдаан болж байгаа юм.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Цэргийн наадам-2019”-д “Аравт” морин цэргийн уралдаанаас гадна ОХУ-д зохион байгуулах “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулах “Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулах “Цэлмэг тэнгэр” уралдаанд баг бэлтгэн оролцож байна. Дэлхийн цэргийн наадам” энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ