Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх хүсэлт гаргажээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-08-06 14:18:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх хүсэлт гаргав. Хүсэлтийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. 


Хүсэлтэд, "Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулахдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санал хураалт явуулах асуудлыг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх санал хүргүүлж байна" гэжээ. 


Тус намын зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт өнгөрсөн сарын 31-нд гурван шаардлага бүхий саналаа хүргүүлсэн. Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэхдээ, Ардчилсан нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах зарчмын саналтай байгаагаа онцолж, энэ талаарх тогтоолыг төсөл өргөн барихаа мэдэгдэж байсан юм.



Холбоотой мэдээ