Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Сенатын гишүүн Тэд Иохо бараалхлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-02 09:32:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад тус улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Иохо бараалхлаа.


Тэд Иохо нь 40 гаруй гишүүний хамтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан бөгөөд Конгресс дахь Америк-Монголын бүлгийн гишүүн юм. Өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж, малчдын амьдрал ахуйтай танилцсан тэрбээр Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар дэмжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Д.Трампын багийнхантай уулзаж хуулийн төслийн талаар ярилцсан байна. Мөн өчигдөр болсон хоёр орны тэргүүн нарын уулзалтаар хуулийн төслийг онцолж ярилцсан нь цаашид томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний гаргаж буй хичээл зүтгэлд талархал илэрхийлж, энэхүү хуулийг баталснаар малчдын орлого нэмэгдэж, ноос, ноолуурын салбарт эерэг өөрчлөлт гарна гэдгийг Конгрессын гишүүдэд танилцуулахыг хүссэн юм. Мөн тус улсын хууль тогтоогчдыг Монголд урьвал хөдөө аж ахуйн салбарын талаар илүү ойлголттой болох тул харилцан айлчлалд өндөр ач холбогдол өгөхийг хүслээ.

Холбоотой мэдээ