Алтай Таван богд уулын тэнгэрийг тайх ёслол энэ сарын 03-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-02 12:20:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 дүгээр  зарлигаар Алтай Таванбогд уулыг төрийн тахилгатай уул хайрханы жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулж байхаар болсон.

Улмаар анхны төрийн ёслолыг 2014 оны долдугаар сарын03-нд зохион байгуулж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцож байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 15 дугаар захирамжаар хайрханы тэнгэрийг тайх ээлжит төрийн ёслолыг энэ сарын 03-нд зохион байгуулахаар шийдвэрлэж, төрийн элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделханаар ахлуулан байгуулсан байна.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр төрийн ёслолын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа бөгөөд хайрханыг тайх ёслолд  төр засгийн төлөөлөгчид, орон нутгийн иргэдээс гадна гадаад, дотоодын жуулчид оролцох аж.

Дашрамд дурдахад, Монголын дээвэр хэмээгддэг Алтай Таван Богд уул нь манай орны хамгийн өндөр уул юм. Хамгийн өндөр цэг болох Хүйтэний оргил нь далайн түвшинээс 4374 метр өндөрт оршдог. Уулыг үзэж сонирхохоор жил бүр гадаад, дотоодын олон мянган жуулчин тус нутгийг зорьдог.

Холбоотой мэдээ