Хөдөлмөрийн баатар Б.Рагчаад аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-01 14:56:37

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Монгол Улсын гавьяат барилгачин, уулын спортын мастер, Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Баатарын Рагчааг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу болон агентлагийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа нь улсад 51 жил ажиллахдаа Геодези, зураг зүй, газар зохион байгуулалтын салбарын хөгжил болон Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, 8252 км бүхий улсын хилийг тогтоох, монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах, анхны үндэсний атласыг зохиож, хэвлүүлэх ажлыг гардан зохион байгуулсан байна.

Б.Рагчаа гуай 1951 онд ажлын гараагаа Ингэт толгойн сангийн аж ахуй буюу одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сум, Борнуурын сангийн аж ахуйн ногооны талбай, Батсүмбэрийн сангийн аж ахуйн нутаг Сөгнөгөр, Үлдэгийн амны 1:1000-1:5000-ны масштабтай байр зүйн зураг зохиох ажлаар эхэлж байжээ.

Улмаар Москва хотын Газар зохион байгуулалтын дээд сургуулийг 1959 онд төгсөж ирээд Монгол орныг зурагжуулах, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Тэрбээр Монгол Улсын баруун, зүүн, хойд, урд захын цэгүүд болон зарим томоохон уул болох Мөнххайрхан, Хүйтний оргил, Малчин, Түргэн, Хархираа, Сутай, Цаст, Цамбагарав зэрэг уулын өндрийг геодезийн аргаар тодорхойлж, 1982 онд “Уулын спортын мастер” цол хүртжээ.


Холбоотой мэдээ