Цам харайх ёслолыг наадамчид ихэд сонирхжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-31 10:35:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, "Хотгойдын хурд-4" наадмын үеэр Мөрөн хотод цам харайх ёслол болов.

Цамын бүжгийг Монголын Бурхан шашинтны Гандантэгчинлэн хийдийн лам нар дэг жаягийн дагуу хийж үзүүлсэн нь наадамчин олны сонирхлыг ихэд татжээ.

Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөний дүр бүхий багтай урт наст Цагаан өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараана.

Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв болохоос гадна аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, нэгэн насны буян заяаг нь дээшлүүлдэг гэж бэлгэшээдэг ажээ.

Холбоотой мэдээ