“Fortnite”-ын тэмцээнд түрүүлэн 3 сая ам.доллар хожжээ

Дэлхийд | Спорт
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-29 11:35:43
Yesukheitumur Tumurbaatar
НЬЮ-ЙОРК. /CNN/. Дэлхийн хамгийн өндөр шагналын сантай “Fortnite” цахим тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотын Артур Эшийн цэнгэлдэх хүрээлэнд болжээ.

Энэхүү тэмцээнд “Bugha” нэрээр тоглодог, 16 настай Кайл Гиесдорф ганцаарчилсан төрөлд мэргэжлийн болон алдартай тоглогчдыг илт давуугаар хожиж, 3 сая ам.долларын шагналын эзэн болсон байна. Удаах байранд “Psalm” нэрээр тоглодог 24 настай Харрисон Чанг орж, 1.8 сая ам.долларын шагнал хүртжээ. Харин гуравдугаар байрт "Epikwhale" гэгч нэрээр тоглодог тоглогч орж, 1.2 сая ам.долларын шагналын эзэн болжээ. Тэрбээр жинхэнэ нэрээ нууцлахыг хүссэн байна.

Энэхүү тэмцээний хамгийн сонирхолтой нь ямар ч оноо авалгүй сүүл мушгисан тоглогчоос эхлүүлээд тэмцээнд оролцсон хүн болгон хамгийн багадаа 50 мянган ам.долларын шагнал өвөртлөн гэртээ харьжээ. Ингэснээр энэхүү тэмцээн нь одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хамгийн өндөр шагналын сантай цахим спортын тэмцээн болон бүртгэгдлээ.

Холбоотой мэдээ