Маршал Ю.Цэдэнбалын тухай киноны зураг авалт Давст суманд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-07-25 08:59:40

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байна.

Тус киноны Увс аймаг дахь зураг авалт долдугаар сарын 22-нд Улаангом хотноо нээлтээ хийсэн бөгөөд одоогоор түүний төрсөн нутаг Давст суманд кино зураг авалт үргэлжилж буй.

“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид болон Увс аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг, "Ойрад" хөгжимт драмын театрын жүжигчид, инженер техникийн ажилчдаас бүрдсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энд ажиллаж байна.

Уг киноны зохиолч, ерөнхий продюсероор “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” киноны зохиолыг бичиж, ерөнхий продюсероор ажилласан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх, киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн, зөвлөх продюсероор Монгол Улсын гавьяат зүтгэлтэн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураглаачаар Г.Баттулга, Э.Доржсүрэн нар ажиллаж байна.

Ю.Цэдэнбал агсны бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулж байгаа аж. “Түүх мартахгүй” киног энэ ондоо багтааж үзэгчдийн хүртээл болгоно.

 

Холбоотой мэдээ