Уртын дуучдын тоглолтод зориулж хоёр өдрийн цалингаа хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-24 12:54:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Их газрын чулууны уулнаа зохион байгуулах 3000  морин хуурч, уртын дуучдын тоглолт, урлагийн их наадамд зориулж, тус аймгийн төрийн Аудитын газрын хамт олон хоёр өдрийн цалингаа хандивлажээ.

Нийт 3000 морин хуурч, уртын дуучин оролцох урлагийн их наадам нь Дуу хуурын өлгий, Дундговь аймгийг зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд сурталчлах томоохон үйл ажиллагаа болох  юм. 

Урлагийн их наадам болоход 20 хүрэхгүй хоног үлдэж, сум бүрээс уртын дуучид, морин хуурчид бэлтгэлээ базааж байна. Наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхчулуун аймгийн баруун сумдаар явж, уртын дуучид, морин хуурчдын бэлтгэлтэй танилцаж, ажил хариуцсан хүмүүст бэлтгэлээ эрчимжүүлж ажиллах үүрэг өгсөн ажээ.

Наймдугаар сарын 9-нөөс 11-нд “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт задгай театрт болох “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 морин хуурч, уртын дуучийн тоглолтоос гадна Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга” тоглолт, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн, Дундговь аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолт болно.

Энэ үеэр “Нар угтах ёслол”, монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр, олон улсын зураачдын уран бүтээлийн “Хөх салхи” үзэсгэлэн, бэсрэг наадам, айрагны баяр, “Монгол хувцас” загварын шоу гээд ирсэн зочид, гийчдийг уйдаахааргүй, хүн бүрийн сэтгэлийг хөглөх урлаг, соёлын цогц үйл ажиллагаа болох аж.

Холбоотой мэдээ