Хууль бусаар ашигт малтмал тээвэрлэсэн хэргийг саатуулан шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-24 11:50:06

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Номгон сумаас ачааны машинд тээвэрлэсэн ашигт малтмалыг саатуулан мөрдөн шалгаж  байна.

Тус аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Оюунчимэг зарим зүйлийг тодруулахад "Энэ сарын 17-нд Номгон сумын байгаль орчины байцаагч Н.Амаржаргалаас гомдол, мэдээлэл ирсэн.

Мэдээлэлд тус сумын гуравдугаар багийн нутаг Ногоон хөв гэдэг газарт байрлах "Хангай ленд" ХХК-ийн хайгуулын лецэнзтэй газраас үл таних хүмүүс гурван том оврын тээврийн хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлож байна гэсэн юм.

Мэдээллийн дагуу Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч Б.Эрзоригоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж улсын мөрдөн шалгах газарт  харъяалал тогтоолгохоор хүргүүлсэн" гэлээ.

Дээрх хэрэгт таван иргэнийг сэжигтнээр татаад байгаа аж. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир холбогдогчдын нэрсийг нийтэд танилцуулах боломжгүй гэлээ.

Энэ хэрэгт тус Цагдаагийн газрын даргын нэрийг оролцуулсан мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа хэдий ч тухайн үед хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаасаа чөлөө авч Улаанбаатар хотод эзгүй явсан байжээ. 

Холбоотой мэдээ