Мэдээлэл, харилцаа холбооны 95 жилийн түүхийг харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-04-04 13:47:42

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн түүхэн товчоон” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Мобиком корпорацийн Теди төвийн байранд боллоо.

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар /МТШХХГ/-ын санаачилгаар зохион байгуулж буй энэхүү “Явуулын музей”-д Монгол Улсад харилцаа холбооны салбар үүсч хөгжсөн түүх, өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглаж ирсэн техник, тоног төхөөрөмж зэрэг түүхэн үйл явдал, цаг хугацааг харуулсан үнэт үзмэрүүд багтжээ. Үзэсгэлэнгээс хэрэглэгчид харилцаа холбооны салбарт ашиглаж байсан радио хүлээн авагч, морзын төхөөрөмж, зурагт зэрэг хуучны төхөөрөмжтэй танилцах боломжтой.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа хэлэхдээ, “Мэдээлэл, харилцаа, холбооны 95 жилийн түүхийг харуулсан явуулын музей ажиллаж эхэллээ. Энэ явуулын музей Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэн телефоны оператороор дамжин, хамгийн сүүлд Мэдээлэл холбооны сүлжээ сургуульд очиж өндөрлөнө. Бидний өдөр тутам ашиглаж буй ухаалаг гар утас, интернет Монгол Улсад хэрхэн бий болсныг таниулах зорилготой харилцаа холбоо сонирхдог хэн бүхний хувьд сонирхолтой музей байх болно” гэв.

Тус “Явуулын музей” энэ сарын 9-нийг хүртэл Теди төвд үргэлжилж, дараагийн зогсоол “Скайтел” ХХК-ийн үйлчилгээний салбарт гарах аж.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ