Монголд хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо 4.8 мянгаар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-18 12:50:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 2.8 мянган хүнээр, өмнөх сараас 464 хүнээр буурчээ. Энэ талаар өнөөдөр ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 6 сарын статистикийг танилцуулахдаа мэдээллээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад зургадугаар сарын эцэст ажил хайж буй 33.3 мянган иргэн бүртгүүлжээ. Үүний 23 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм. Бүтгэлтэй ажилгүй иргэдийн 6.9 мянга нь буюу 30.1 хувь нь Улаанбаатар хотод байгаа бол 6.3 мянга буюу 27.3 хувь нь Хангайн бүсэд, 3.8 мянга нь Төвийн бүсэд, 3.5 мянга нь Баруун бүсэд, 2.5 мянга нь Зүүн бүсэд  байна.


 

Монголд хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн 67.1 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна

 

ҮСХ-ноос мэдээлснээр энэ оны II улирлын эцэст манай улсад гадаадын 95 улсын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 90 хүнээр, харин өмнөх улирлаас 4.8 мянгаар өсжээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын, 5.4 хувь нь Австрали, 3.0 хувь нь ОХУ болон БНСУ-ын, 2.6 хувь нь БНСВУ-ын, 2.4 хувь нь АНУ-ын, 2.2 хувь нь Өмнөд Африк, 1.8 хувь нь Канад болон Филиппин улсын, 1.5 хувь нь Их британийн, 9.6 хувь нь бусад улсын харьяат байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд, хамгийн их буюу 19.7 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.3 хувь нь 20 хүртэлх насныхан байна. 

Гадаадын зорчигчдын 217.4 мянга нь аялал жуулчлалаар иржээ

 

Энэ оны эхний хагас жилд манай улсын хилээр давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 55.5 мянгаар өссөн үзүүлэлт юм. Улсын хилээр орсон зорчигчдын 39.5 хувь нь Замын-Yүд, 18.2 хувь нь Буянт-Ухаа, 12.4 хувь нь Гашуун сухайт, 11.1 хувь нь Алтанбулаг, 6.2 хувь нь Шивээхүрэн, 12.6 хувь нь бусад боомтоор орсон байна. Гадаадын зорчигчдын 217.4 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр нэвтэрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 14.8 мянгаар өссөн үзүүлэлт. Харин 29.9 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 36.4 хувийг БНХАУ-ын иргэд, 24.3 хувийг ОХУ, 12.1 хувийг БНСУ, 3.7 хувийг Япон, 3.4 хувийг АНУ, 2.4 хувийг Казахстан улсын иргэд, 17.7 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ