Модонд мөнгө тавиад ч баяжихгүй

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-07-18 10:47:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзан бүргэдэй хэмээх газар буй Зуун салаа модыг хүмүүс мэднэ.

Тэр мод шатаад даруй тав, зургаан жил болж. Харин шатсан зуун салаа модны дээр 100 орчим метрийн зайтай газар Зуун салаа модтой төстэй мод байна. Хэн нэгэн хүн тэр модыг очоод "баяжуулдаг" гээд хүмүүст хэлчихэж.

Байгалиасаа нэг үндэснээс гурав салаалж ургасан энэ модонд аялагчид чихэр, боов, боорцог, ааруул, тос, усан үзэм, алим гээд авч яваа бүхнээсээ өргөж, өмнө нь өрж тавьжээ.

Зуны халуун наранд өтөхөөс л наагуур байна.Хүмүүс хоол ундаа аваачиж тавиад байхаар ялаа, батганы тэр модноос салахаа байж.

Мөн "Баяждаг" гээд л гадаад, дотоодын жуулчдын төгрөг, юан, доллорыг модон дотор нь давхарлаад хийчихсэн харагдах. Гаднах холтосны завсраар мянгат, таван зуут, зуут, тавьт, хорьт, аравтын дэвсгэртийг нугалаад хийчихэж. Бас түрийвчүүд өнгө өнгөөрөө...


Модонд мөнгө өгөхөөр баяждаг гэж хүмүүс бодсоор... Халзанбүргэдэйд байх энэ Зуун салаа мод Тариат сумын нутагт харьяалагддаг. Модны мөнгийг түүж цэвэрлэх, орчныг нь хашаажуулж, машин орохооргүй явган очдог болгох хэрэгтэй байна.

Тэгээд модны учрыг тайлбарлаж, юу өргөж болох, болохгүйг бичсэн самбар байрлуулах нь чухал юм. Надаас нэг дотоодын жуулчин "Ямар учиртай мод вэ" гэж асуухаар нь "Зүгээр л нэг үндэснээс гурав салаалж ургасан байгалийн бүтээл. Ид шидгүй" гэж хэллээ.

Бас нэг зүйл. Тэнд нэг хогийн цэг байдаг. Жуулчид тэнд хогоо хаяад цааш Чулуутын хавцлыг үзэж, зураг хөрөг даруулдаг. Жуулчид их явж байгаа дулааны улиралд өдөрт нь хогийг авч байвал сайнсан. 


Биднийг Тариатын Мөрөн баг орж хоноод маргааш ирэхэд  хоёр портер тэвшээ дүүртэл хог ачсан харагдав. Дахиад цаана нь 2-3 портер хог үлдсэн. Лав дахиж ачсан байж таарна. Аймгийн төвөөс Тариат сумын Мөрөн багт байх Чойдогийн боргио орох замд нэг цагт 159-200 машин зөрж байсан.

Машин болгоноос багадаа нэг тор хог гарна. Өдөрт тоймгүй олон уут хог хогийн цэгт төвлөрнө. Нэг талаас нь харвал хогоо байгальд хаяхгүй байна гэж харж болох. Харин хаясан хогийг нь хариуцаж буй газар нь өдөрт нь ачиж байвал жуулчдын "Хөөх, энэ хогийг ээ..."  гэх яриа тасрах байхдаа.

Холбоотой мэдээ