Хүүхэд харах 380  асрагч  бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-04 11:48:33

"Хүүхэд харах үйлчилгээний тухай" хуулийг баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан ч хуулийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажил шаардлагатай байсан тул дөрөвдүгээр сарын нэгэн болтол хойшлуулсан юм.

Тэгвэл энэ ажил ямар байдалтай байгааг ХТҮГ-аас тодрууллаа. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд 1800 хүүхэд харагч бэлтгэгджээ. Эдгээрээс нийслэлд ажлын байраа бэлдэж, хүүхдээ авахад бэлэн болсон 145 иргэн байна. Харин орон нутагт нийт 240 хүүхэд харагч ажлын байрныхаа зөвшөөрлийг авч, үйлчилгээгээ эхлэхэд бэлэн болжээ. Ийнхүү нийтдээ 380 хүүхэд асраг ч бэлэн болсон байна.

2016 оны тухайд УИХ-аас 10.8 тэрбум төгрөгийг баталж, улсын төсөвт суулгаж өгсөн. Нэг хүүхдийг харахад гарах зардал сард дунджаар 116 мянга 900 төгрөг гэж тооцвол энэ жил тус үйлчилгээнд нийт 10 орчим мянган хүүхэд хамрагдах боломжтой. Хуульд зааснаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нь бүрэн дундаас дээш боловсролтой, тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, 2-5 насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдвартын болон сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэгт холбогдоогүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байх юм. Энэ шаардлагыг хангасан, тус үйлчилгээг явуулах хүсэлтэй иргэд 60-65 мянган төгрөгийн хураамжтай тав хоногийн тусгай сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах ёстой. Нэг хүүхэд 2.5 метр квадрат бүхий зай ногдохоор тооцоолж, ажлын байраа бэлдэж, харъяалагдах хорооноосоо томилогдсон ажлын хэсэгт шалгуулж, хороон даргаасаа шаардлага хангасан эсэх тодорхойлолтыг авч, сум, аймаг дүүргийнхээ Засаг даргад хандаж, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө авна.

Хүүхэд харах үйлчилгээ явуулах ажлын байрны түрээсийн асуудал хамгийн их санаа зовоож байна. Төрөөс нэг хүүхдийн зардал гэж сард дунджаар 117 мянга орчим төгрөг тооцож өгнө. Энэ зардлыг таван хүүхэд гэж тооцохоор сард 585 мянган төгрөгийг төрөөс авч болно. Үүн дээр нэмээд хүүхдүүдийн эцэг эхээс, төрөөс олгох зардлын 60 хувиас хэтрэхгүй мөнгө буюу нэг хүүхдээс 70 орчим мянган төгрөг нэмж хураах эрхтэй. Тиймээс үйлчилгээ эрхлэгч  сард 985 мянган төгрөгийн санхүүжилт авна. Дээрх хүүхэд асрагч на рэнэ шаардлагыг хангах үүрэгтэй. Гэвч яг өнөөдрийн байдлаар албан ёсны хүүхэд харах үйлчилгээ эхлээгүй байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ