Их Британийн эмч нар сиамын ихрийг амжилттай салгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2019-07-17 14:42:13

ЛОНДОН. /TASS/. Их Британийн мэс заслын эмч нар толгойгоороо нийлсэн сиамын ихрийг амжилттай салгажээ. “The Guardian” сонинд мэдээлснээр, олон үе шаттай, нийтдээ бараг 50 цагийн хэцүү мэс ажилбарыг Лондон хотын  хүүхдийн тэргүүлэх эмнэлгүүдийн нэгд хийжээ. Мэс ажилбарт мэргэжлийн эмч нар, био анагаахын инженерүүд зэрэг янз бүрийн салбарын 100 гаруй мэргэжилтэн оролцсон байна.


Хоёр настай эгч дүүс болох Сафа, Марва нар гавлын ясаараа нийлсэн, судсаараа холбоотой төржээ. Пакистаны Хайбер-Пахтунхва мужийн Чарсадда хотод төрсөн сиамын ихрийг салгах хөтөлбөрийг өнгөрсөн оны сүүлээр эхлүүлж, хэд хэдэн үе шаттай явуулсан байна. Эхний мэс заслыг ихрийг 19 сартай байхад нь 2018 оны 10 дугаар сард хийжээ. Хоёр дахь мэс ажилбарыг хоёр сарын дараа хийсэн бөгөөд эмч нар энэ оны хоёрдугаар сард 7 цаг үргэлжилсэн мэс ажилбарын дараа эгч дүүсийг бүрэн салгаж чаджээ.


Бүх зүйлийг баараггүй хийхийн тулд эмч нар виртуал бодит технологи хэрэглэсэн байна. “The Guardian” сонинд мэдээлснээр, тэд охидын гавлын ясны хуулбарыг бүтээсэн бөгөөд энэ нь гавлын ясны нарийн төвөгтэй бүтэц, мөн тархи болон судасны байрлалыг харах боломжийг олгожээ. Эмч нар мөн илүү нарийн ажиллахад нь тусалсан тусгай багаж хэрэгслийг бүтээхийн тулд 3D принтер ашигласан байна. Мэргэжилтнүүд хамгийн түрүүнд Сафа, Марва нарын нийлсэн гавлын ясыг дайран өнгөрсөн судасны нарийн төвөгтэй сүлжээг салгах ёстой байв.


Эхний мэс ажилбарын явцад мэс засалчид артерийн судсыг амжилттай салгажээ. Хоёр дахь үе шатанд венийн судсыг салгах амаргүй мэс ажилбарыг хийх үеэр Сафа их хэмжээгээр цус алдаж эхэлсэн бөгөөд эмч нар түүний амь насыг аврахын тулд бүхнийг хийжээ. Охин амьдарсан боловч цус харвасан байна. Энэ шалтгааны улмаас  түүний биеийн байдал цаашид хэрхэх эсэхийг эмч нар нарийн хэлж чадахгүй байгаа аж.


Өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн сүүлийн мэс ажилбарын үеэр эмч нар ихрийн гавлын ясыг хэлбэрт оруулсан байна. Гэсэн хэдий ч эмч нар мэс засал амжилттай болсныг зөвхөн одоо л зарлахаар шийджээ.


Холбоотой мэдээ