Энэтхэгийн зүүн хойд нутагт үерийн бүсэд 5 сая гаруй хүн байна

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-07-17 13:07:36

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужид үерийн бүсэд доод тал нь 5.2 сая хүн байгаа тухай телевизийн NDTV суваг мэдээлжээ. Тус сувгаар мэдээлснэээр, 150 мянга гаруй хүнийг түр байрлуулах хуарангуудад байрлуулсан бөгөөд гамшгийн бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна.


Борооны улирал эхэлж, их хэмжээний усархаг бороо орсны улмаас нийт 31 орчим сая хүн амтай Ассам мужийн 33 тойргийн 30 нь үерт автсан байна. Мужийн дундуур урсдаг 11 голын ус эргээсээ хальжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, 20 хүн амиа алдаж, хэдэн арван хүн сураггүй болсонд тооцогдож байна.


Аврах ажиллагаанд Байгалийн гамшгийн үед хариу арга хэмжээ үндэсний хүчний 15 баг болон армийн анги нэгтгэлүүд оролцож байна. Үерт автсан дүүргүүдээс иргэдийг цэргийн нисдэг тэргүүдээр нүүлгэн шилжүүлж байгаа аж.


Энэтхэгийн нэг эвэрт хирс зэрэг ховор төрлийн амьтад нутагладаг алдарт Казирангийн дархан цаазат газрын 90 хувь нь усанд автжээ. Үерийн улмаас 30 орчим амьтан үхсэн байна. Ширүүн бороо, үерт Ассам мужийн дэд бүтэц сүйдэж, хэд хэдэн зам, гүүр эвдэрчээ.


Холбоотой мэдээ