Д.Дашзэвэг: Гурван төрийн наадам үзэж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-11 10:39:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өглөө наадамчин олны сэтгэгдлийг хүргэж байна.


Бид Д.Сүхбаатарын талбайд болсон Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолын үеэр Орхон аймгаас ирсэн Д.Дашзэвэгтэй уулзлаа. Тэрээр энэ жил 88 настай азай буурал нийслэлд Үндэсний их баяр наадмаа үзэхээр ирээд байна.

Түүнээс наадмын өдрийн сэтгэгдлийг сонсвол, “Би өчигдөр Эрдэнэт хотоос ирсэн. Өнөөдөр нар, хур тэгширсэн сайхан өдөр байна. Төрийн тугандаа сая залбирлаа. Хүүхдүүд маань намайг дагуулж, сайхан наадамлаж явна даа. Замдаа бас Баянчандмань сумын наадам үзсэн.



Анхны наадмаа би төрсөн нутаг Булган аймгийн Тэшиг сумандаа үзэж байсан даа. Сая манай суманд “Бага Алтаргана” наадам болж үзчихээд ирсэн. Хэдэн хүүхдийнхээ буянд 88 нас зооглож ач, зээ нараа дагуулаад сайхан наадаад явж байна. Өдий насандаа гурван төрийн наадам үзлээ. Ард түмэндээ сайхан наадаарай гэж ерөөе” гэсэн юм. 

 Б.Болд

Холбоотой мэдээ