Дөрвөлжин сумын Хомын талыг байгалийн цогцолборт газар болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-10 23:59:31

Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар хэлэлцэн баталжээ.

Тухайлбал Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар тус тус бүртгэж авахаар болжээ. Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын тал нь 2900 км квадрат нутагтай. Тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах ажил өнгөрсөн 2017 оноос эхэлж тус газар өнөөдөр ийнхүү байгалийн цогцолборт газар болон хамгаалалтад орж байна. Анх 2004-2005 онд Тахь Холбоо Францын өмнөд хэсэгт байрладаг Виларре тусгай хамгаалалттай газраас 22 тахийг Монголын баруун хэсэгт орших Хар Ус Нуур байгалийн цогцолбор газарт хамаардаг Хомын талд авчиржээ. Орон нутгийн малчидтай хамтран 14,000 га газрыг хамгаалалтад авч тахийн зан авирт ажиглалт хийж байна. Бидний эцсийн зорилго бол хамгаалалтын хашааг буулгаж зэрлэг адууг онгон байгальд нь буцааж тавих зорилготой. Үүний тулд зэрлэг, тэжээмэл адууг цус холилдон эрлийзжихээс сэргийлэх, зэрлэг ба тэжээмэл өвсөн тэжээлтэн амьтдад тохирсон амьдрах орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Тахийн сүрэгт хамгаалалтаас илүү өргөн дэлгэр нутаг чухал юм

Дэлхийд ховор зэрлэг адуу тахийг илүү олон болгож, хамгаалахын тулд бид яах ёстой вэ. Энэ тоог улам олон болгох, сүргийн бүтцийг алдагдуулахгүй хамгаалахад хамгийн чухал зүйл нь өргөн дэлгэр газар нутаг. Хэдийгээр тахийг хамгаалахын төлөө дархан цаазат болон хамгийн таатай байж болох бүс нутагт нь байршуулж байгаа ч өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай бус болоод байгааг судлаач, холбогдох албаныхан онцолж байна. Жил ирэх тусам тоо толгой нь өсөж байгаа тахийн сүрэгт өдгөө хамгаалалтад авснаас илүү өргөн цэлгэр тал хэрэгтэй байгаа нь тэдний бэлчээр, сүргээрээ идээшилж байгаа байдлаас тодорхой харагдаж байгаа аж. Гэвч нөгөө талаас жил ирэх тусам малын тоо өсөж, бэлчээрийн даац хэтэрч, мал бэлчээрлэж болох газар бүрт малчид оторлож, олонх нь тухайн газартаа суурьших болсон. Энэ нь малд таатай ч тахь тэргүүтэй зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлж, бэлчээр газар нутгийг нь хумьж, идэш хоол, тэжээлийг нь булаан, зарим амьтан устаж үгүй болох, Орос, Хятадын нутаг руу дайжих нэгэн шалтгаан болоод байгаа юм. Үүнээс хамгаалах хамгийн зохимжтой нэг арга нь тахь нутаглаж, идээшиж буй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хамгаалалтад авсан газрын хэмжээг өргөтгөх юм. Тахьтай хамт дэлхийд нэн ховор ургамал, амьтныг давхар хамгаалах боломжтой юм хэмээн Хомын талын тахь ТББ-ын Дөрвөлжин сум дахь төлөөлөгч мэдээлэв.

Холбоотой мэдээ