Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр буулаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-09 16:16:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны үнэ өчигдөр буюу энэ сарын 8-наас эхлэн литр тутамдаа 50 төгрөгөөр дахин буусан талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнбаяр мэдээллээ.

 Тэрээр, “Он гарсаар 3-5 дугаар сард дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 180-200 орчим төгрөгөөр нэмэгдэн орж ирсэн. Харин тавдугаар сараас Сингапурын бирж дээрх тосны үнэ буурсантай холбоотой хилийн үнэ доошилсон. Тиймээс зургадугаар сарын эхээр дизель түлш литр тутамд 45-50 төгрөг, АИ-92 автобензин литр тутамдаа 50 орчим төгрөг буураад байна” гэв.

УУХҮЯ, АМГТГ өнгөрсөн сард мэдэгдсэний дагуу долдугаар сар гарснаар үнийг ийнхүү нийтдээ 100 орчим төгрөгөөр буув.

Цаашид шатахууны хилийн үнэ өсөх төлөвтэй байгаа бөгөөд гадаад зах зээлийн үнэ өсөж байгаа тул зохистой түвшинд барьж ажиллаж байна гэв.

 

Долоо, наймдугаар сард шатахууны үнэ нэмэгдэхгүй

 

АМГТГ-аас үндэслэлгүйгээр шатахууны үнийг нэмсэн тохиолдолд тухайн импортлогч байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, улмаар цуцлах хариуцлага хүлээлгэх талаар импртлогч компаниудад мэдэгдээд байна. Дизель түлшний үнийг шалтгаангүйгээр литр тутамд 40 орчим төгрөгөөр нэмсэн зарим ААН, компанид сануулга өгч мэдэгдэл хүргүүлснийг цохон тэмдэглэв. 



Цаашид газрын тосны үнэ олон улсын зах зээлд өсөх хандлагатай байгаа бөгөөд манай улсад наймдугаар сараас мэдэгдэж эхлэх байх. Учир нь үнэ буурсан болон өссөн бүтээгдэхүүн нь дараа сардаа орж ирдэг гэж тайлбарласан юм.  Гэхдээ салбарын яам болон Ашигт малтмалын газрын тосны газраас гадаад зах зээл дэх үнийн өсөлт болон бууралтыг хянаж, шатахууны нөөцийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

 

Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ-аас авдаг бөгөөд эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.


Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ