Ерөнхийлөгчид нэр дэвших насны хязгаарыг 50 болгох саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-03 08:21:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 


Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын багийн гишүүд оролцов.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй, харин УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр, “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь дэмжлээ.


Ийнхүү санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ