Хоггүй наадацгаая аян хоёр дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2019-07-02 17:15:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд уламжлалт Үндэсний их баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аяныг хоёр дахь жилдээ явуулна. Өнгөрсөн жилийн наадмаар 200 гаруй залуу сайн дураараа нэгдэж, 30 гаруй тонн хог цэвэрлэсэн. Энэ жил хувийн хэвшлийн олон компани энэ аянд нэгдэхээр саналаа ирүүлээд байна.

Хог хаягдлыг зөв зохистой ашиглах үүднээс хогийг ангилан ялгах менежментийг дэмжиж, салбарын яам улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшилд олгож байна. Энэ ажлын эхний үр дүн ирэх есдүгээр сард гарна. Мөн Үндэсний хөгжлийн газар төр, хувийн хэвшлийн концессын шугамаар хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг удахгүй үзэглэнэ. Ингэснээр Монгол Улс хог хаягдлаа ангилж, боловсруулдаг болно” гэв.

Тэрээр, “Манай яам 2020 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Жил бүр ирэх жуулчдын тоог 30 хувиар нэмэх шаардлагатай байна. Жуулчдыг хүлээн авахад үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд энэ жил аялал жуулчлалын есөн ажлын байранд орон даяар үнэ төлбөргүй сургалт хийгээд байна.

Одоогийн байдлаар 10 мянга гаруй хэлмэрч үнэ төлбөргүй сургалтад хамрагдсан. Сургалт маань цааш үргэлжилнэ” гэсэн юм. Манай улсад долдугаар сард жуулчдын тоо 100 мянга болж нэмэгддэг. Гэтэл наадам үзэх жуулчдад тасалбар хангалттай хүрэлцэхгүй байгаа учраас долдугаар сарын 11-ний 21.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Naadam night” өдөрлөгийг зохион байгуулж, англи  болон монгол хэлээр хөтлөн явуулна гэв.


БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын дарга С.Баясгалан мэдээлэхдээ, “Жуулчдын тоог нэмэгдүүлэх үүднээс БОАЖЯ  ЗТХЯ-тай хамтран агаарын тээврийн орцыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүний дүнд оны сүүлээр жуулчдын тоог 20 хувиар нэмэх боломж бүрдэнэ” гэв. Мөн жуулчдад олгох виз хүндрэлтэй байдаг тул хилийн боомтууд дээрээс виз худалдан авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна" гэлээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, жуулчдын тоо 10 орчим хувиар нэмэгдсэн талаар тэрээр мэдээллээ.

Б. Одгэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ