АНУ-Мексикийн хилийн бүсэд буй цагаачдад тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-07-02 13:54:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-Мексикийн хилийн бүсэд ирсэн цагаачдад 4.6 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар тусгасан хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт гарын үсэг зурсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


Цагаачдыг хоол хүнс, түр байрлах сууцаар хангах болон тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд хөрөнгө мөнгө гаргах тухай уг хуулийн төслийг АНУ-ын Конгресс өнгөрсөн долоо хоногт баталсан байна.


Хоёр улсын хилийн бүсэд цагаачлалын хямрал үүссэнтэй холбоотойгоор Мексикийн бараа бүтээгдэхүүнүүдэд зургадугаар сарын 10-наас эхлэн 5 хувийн татвар ногдуулна гэж Трамп тавдугаар сарын 30-нд мэдэгдсэн билээ. Мексикийн эрх баригчид хууль бус цагаачдын урсгалыг зогсоох арга хэмжээ авахгүй бол татварыг 10 дугаар сар хүртэл сар тутам нэмэгдүүлнэ гэж тэрбээр анхааруулсан юм. Хоёр орны төлөөлөгчид цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрсний дараа Мексикийн бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулах хугацааг түр хойшлуулсныг Америкийн удирдагч мэдээлжээ.



Холбоотой мэдээ