Д.Лүндээжанцан: Баялгийн сан байгуулах асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүд өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 1-нд тойрогтоо ажиллаж, иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь авсан. Энэ хүрээнд уг төслийн зарим заалтыг өөрчлөх болсныг УИХ-ын гишүүн, хуулийн төсөл боловсруулах ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан мэдээлэв.
Тухайлбал, төслийн 6.2 дахь заалт
буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий,
түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн
баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй
байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэснийг өөрчлөх болжээ.
Уг заалтыг “Байгалийн баялгийг Тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний
эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг
хадгалах, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй эрхийг баталгаажуулах зорилгоор
Баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард
түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг
ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” гэсэн заалт оруулах
болсныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.
Мөн хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Үндсэн хуульд заагаагүй ажлыг давхар
эрхэлсэн тохиолдолд эгүүлэн татах заалт нэмэх болжээ. Түүнчлэн шүүхийн бие
даасан, хараат бус байдлыг нэмэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг сэргээх,
нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой заалтуудыг
нарийвчлан тодорхойлсныг тэрээр танилцууллаа. Дээрх асуудлуудыг энэ долоо
хоногийн УИХ-ын байнгын хороод болон чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг
цохон тэмдэглэсэн юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлахдаа
ард нийтийн санал асуулга авах эсэхийг УИХ-аар хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний
дараа шийднэ хэмээв.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн анх өргөн барьсан хувилбарыг
энд дарж үзнэ үү