Дундговийн ахмадууд шилжин явах цомын эзэн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2019 оны 06 дугаар сарын 29-30-ны өдөр Говийн бүсийн ахмадуудын урлаг, спортын наадам Мандалговь хотноо болж өндөрлөлөө.
Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн ахмадууд урлаг, спортын тав, таван төрлөөр хурд хүч, авъяас чадвараа сорин оролцсоноос багийн нийлбэр дүнгээр Дундговь аймгийн ахмадууд түрүүлж, шилжин явах цомын эзэн боллоо. Удаах байрт Говьсүмбэр аймгийн ахмадууд орсон бол Өмнөговь аймгийн ахмадууд гуравдугаар байр эзэлжээ.
Дундговь аймгийн ахмадууд гар бөмбөг, шагайн харваа тэмцээнд багаараа түрүүлж, харин дартс, теннис, шатрын ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүд нь алтан медаль авчээ.
Говийн бүсийн ахмадын урлаг, спортын наадам энэ жил Дундговийн ахмадуудын амжилтаар ийнхүү өндөрлөлөө. Дараагийн урлаг, спортын наадмыг Говьсүмбэр аймагт зохион байгуулахаар болжээ.




