Монгол, Беларусийн хооронд хамтран ажиллах протокол үзэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-07-01 10:24:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Беларусь улсын Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан зургадугаар сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөв.

Энэ удаагийн хуралдааныг Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нар даргалан явуулав.

Хуралдаанаар хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээл олгох тухай ерөнхий хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-ын техник хангамжийг сайжруулах, Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний иж бүрэн үйлдвэр байгуулах, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, ХАА-н техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай цахилгаан шат шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг төслийг хамтран хэрэгжүүлэхээр урьдчилан тохиров.

Хуралдааны үеэр хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүдээс гадна хүнс, хөнгөн үйлдвэр, зам тээвэр, уул уурхай, барилга, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоо байгааг талууд онцлон тэмдэглэсэн юм.


Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээх, шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаар тохиролцон протоколд гарын үсэг зурав.

Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч нарын өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод хийсэн уулзалтаар тохирсны дагуу Монгол, Беларусийн хамтын ажиллагааг 2019- 021 онд хөгжүүлэх Замын зургийг тохирч энэ удаагийн комиссын хуралдааны үеэр гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн Засгийн газар хоорондын хуралдаанд Бүгд Найрамдах Беларусь Улсын талаас ихээхэн ач холбогдол өгч Аж үйлдвэрийн яам, ХАА, хүнсний яам, ГХЯ болон төрийн өмчид компаниудын төлөөлөгчид нийлсэн томоохон бүрэлдэхүүнтэй ирж оролцсон юм. 

Холбоотой мэдээ