“Хөдөлмөр зуслан”-гийн хоёрдугаар ээлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-29 20:23:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас баталсан 20 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй 400 хүүхдийн “Хөдөлмөр амралт-2019” зуслан Сагил сумын Бижийн зуслан, Хөх сай гэх газруудад үйл ажиллагаа явуулж байна. Зуслангийн 1-р ээлжийн амралтад 200 хүүхэд хамрагдсан бөгөөд тэд энэ сарын 20-26-ны хооронд 7 хоног амраад ирсэн байна.

Тэгвэл дараагийн ээлж энэ сарын 27-ноос ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх аж. Хүүхдүүд зуслангийн үйл ажиллагаанд хамрагдсанаар мал аж ахуй, сүү цагаан идээ, арьс шир боловсруулах, монгол зан заншил, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зэрэг үйл хэрэгт суралцаж байна.

Тэрчлэн мал гаргах, хонины ноос авах, сур элдэх, мах салгах, дээс томох, гэр барих, мал хариулах, малын гэдэс дотор цэвэрлэх, тосонд боорцог чанах, хоол хийх гээд өдөр тутмын ажлыг өөрсдөө хийж сурч байгаа аж. Хамгийн гол нь хүүхдүүд утас, зурагтаас холдож тархи толгойгоо бүрэн амрааж байгаа нь энэ зуслангийн бас нэгэн онцлог болж байна. Нэгдүгээр ээлжийн зуслангийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Д.Батсайхан, НБХ-ийн дарга С.Амраа нар танилцаж багш, хөдөлмөр зуслангийн хүүхдүүдтэй уулзан сурч мэдсэн зүйлсийнх нь талаар ярилцаж гарын бэлэг өгсөн байна

Холбоотой мэдээ