У.Хүрэлсүх: Засгийн газар үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-24 18:10:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс нь эрүүл мэндийн салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэмжин, техникийн туслалцаа үзүүлж ирснийг тэмдэглэсэн юм.


Засгийн газар өвдсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлж, үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэхийг зорьж байгааг хэллээ. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын “Хэнийг ч үл орхигдуулах” зорилтын хүрээнд бүх иргэн, тэр дундаа эмэгтэйчүүд, охид, өсвөр насныхан, өндөр настан, зорилтот бүлгийнхэнд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг онцлов.  


Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн  захирал, доктор Такеши Касай тэмдэглэв. Түүнчлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ажил бус, бүх салбар оролцож хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж үздэгээ илэрхийлсэн юм.


ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай “Эрүүл мэндийн аюулгүй байдал-салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцохоор иржээ

Холбоотой мэдээ