Г.Занданшатар: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаа нэг өдөр төрөөгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо болсон “Ардын индэр” уулзалтад оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулав.
Тэрбээр, "1992 оны Үндсэн хууль нь шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаад хуульд зарим зохицуулалтыг нэмэх, өөрчлөх шаардлагатай цаг нь болсон байна. Энэхүү өөрчлөлтийн УИХ "долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар хандсан" гэдгийг танилцуулгынхаа эхэнд цохон тэмдэглэв.
Түүнчлэн "Хуулийн төслийг боловсруулахдаа, давхардсан тоогоор 5.4 сая иргэний саналыг авч, эрдэм шинжилгээний хурал хийж, эрдэмтэн судлаачдын дүгнэлтийг авсан байна. Эл хуулийн төсөлд УИХ-ын нэр бүхий 62 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр төрөөгүй. Сүүлийн хорь гаруй жил яригдсан бөгөөд зарим эрдэмтэн судлаачаас зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар удаа дараа санал гаргасан. УИХ-аас энэ хугацаанд дөрвөн ч удаа нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрт үндэслэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх судалгааг өнөөгийн УИХ хийсэн. Судалгааны дүн, иргэдээс ирсэн саналаас харахад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг иргэдийн дийлэнх дэмжиж байна" гэлээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засаж, нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх зарчмыг тусгасныг УИХ-ын дарга танилцуулгадаа онцолсон. Түүнчлэн Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг дурдав. Мөн тэрбээр, "Энэ бүхэн ард түмний болон нийгмийн шаардлага юм. Хүний эрхийг хангахын тулд засаглал хоорондын харилцан тэнцэл, хяналтын тогтолцоо сайн байх ёстой. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эвсэл холбоод, нийт ард түмэн маань хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлж байна” хэмээв.
“Ардын индэр” уулзалтад оролцсон иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлах нь зүйтэйг хэлж байлаа.
Иргэд тогтвортой, хариуцлагатай, хүний эрхийг хамгаалж, дэмжсэн бодлого гаргадаг төртэй байхыг хүсэж буйгаа уулзалтын үеэр УИХ-ын даргад уламжилсан. Тэд энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээр төрд итгэх итгэл сэргэж, нийгэмд үүсээд байгаа тэгш бус байдал арилж, хүн бүр эрх тэгш болох нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тухайлбал,
Чингэлтэй дүүргийн иргэн н.Нэмэхбат: Төрд итгэх итгэл алдарсан. Засгийн газар тогтворгүй учраас төрийн алба түүнийг дагаад тогтворгүй болсон. Сонгуулиар чаддаг хүмүүсийг нь халж сольчихдог. Төр тогтворгүй байхаар хувийн хэвшлийн ажил ч гацдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатай. Магадгүй, Үндэсний хөгжлийн яамтай байхаар заах хэрэгтэй байх. Тэгвэл төрийн бодлого тасрахгүй, залгамж чанартай байна. Мөн сум, дүүргийн хүн ам харьцангуй байхад Үндсэн хуулиараа адилтгаж үздэг нь буруу байна.
Баянгол дүүргийн иргэн н.Сандаг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яах аргагүй нийгмийн зүй ёсны шаардлага юм. Үндсэн хуульд тусгаснаар, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байлгах үндсэн зарчмыг бүрдүүлсэн нь ач холбогдолтой байна. Мөн УИХ, Засгийн газрыг илүү хариуцлагатай болгох зохицуулалт түлхүү орсныг дэмжиж байна. Харин намын санхүүжилтийг төрөөс хариуцахыг дэмжихгүй байна. Цөөн хүн амтай манай улсад хэтэрхий олон улс төрийн нам байна. Ажилладаг эсэх нь мэдэгддэггүй. Тиймээс нам байгуулах шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн иргэн н.Гонгор: Үндсэн хуулийн оршил хэсэгт “Төрийн зохицуулалттай чөлөөт эдийн засагтай улс байна” гэсэн өгүүлбэр оруулах хэрэгтэй. Зохицуулж байна гээд өргөн хэрэглээний барааны үнийг хатуу тогтооно гэсэн үг биш. Төр тодорхой хэмжээгээр зохицуулалт хийхгүй бол хэтэрхий задгай байгаад байна. Нийгэмд гарсан аливаа завхралыг хянахад Хянан шалгах хороотой байх нь зөв. Мөн хариуцлага алдсан УИХ, Засгийн газрын гишүүдийг эгүүлэн татдаг зохицуулалтыг төсөлд тусгах хэрэгтэй.
Ийнхүү иргэд шүүхийн хараат бус байдал, Ерөнхийлөгчийн эрх хэмжээ, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын томилгоотой холбоотой асуулт асууж, санал бодлоо хуваалцсан юм. Мөн иргэд бичгээр саналаа өгч байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр, “Иргэдийн дунд байгалийн баялгийг төрийн өмч гэх буруу ойлголт байна. Үндсэн хуульд заасан байгалийн баялаг нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн өмнөх зохицуулалт хэвээрээ. Гагцхүү байгалийн баялаг буюу стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа ард түмнээрээ хэлэлцүүлж байж ашигладаг болно гэсэн тодотгол хуулийн өөрчлөлтөд орж байгаа.
Энэ парламент л өөрчилж чадахгүй бол дахин 20 жил хүлээнэ. Шинэ юм бүхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Иймд ард түмнээрээ хэлэлцүүлж, санал бодлыг нь тусган ажиллаж байна. Бид нийтийн том эрх ашгийн төлөө хүчээ нэгтгэж урагшлахыг зорьж байна. Энэ бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг том зарчим юм” гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхэлнэ.