Монгол, Швейцар улс эрдэм шинжилгээ, аялал жуулчлалын салбарт хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-24 12:35:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад албан ёсоор айлчилж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар урилгыг нь хүлээн авч, хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббиод талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай морилохыг урив. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад ажиллаж эхэлсний 15 жилийн ой тохиож буйг тэрээр онцлов.

 


Хатагтай Марина Каробби Гүшэтти, халуун дотноор угтан авсанд талархал илэрхийлж, гурван сарын өмнө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Швейцарт хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлууд энэхүү айлчлалаар баталгаажна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрээр сүүлийн 10 жилд Швейцар улсаас Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа ногоон алт буюу бэлчээрийн аж ахуй, малчдын амьжиргааг сайжруулах чиглэлд зориулж 100 сая швейцар франкийн буцалтгүй тусламж үзүүлээд буйгаа тэмдэглэв. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцар улс нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй, ардчиллын зах зээлд шилжих үеэс дэмжиж ирсэн хандивлагч орны нэг гэдгийг тодотгоод, дээрх салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр нь монголчууд, тэр дундаа малчдын амьжиргааг дээшлүүлэхэд бодит ахиц гарсныг уламжиллаа. Мөн цаашид, энэхүү төсөл хөтөлбөрөө 2020-2022 оны тусламжийн стратегидаа тусгаж, үргэлжлүүлэхийг хүссэн. 

 

Хэлэлцээрийн үеэр, талууд хоёр улсын их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний судалгаа, инновацыг хөгжүүлэхээс гадна аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийн талаар ярилцсан. Түүнчлэн Монгол Улсад Швейцар улсын Элчин сайдын яамыг байгуулах асуудлыг харилцан судалж, шийдвэрлэх талаас анхаарч ажиллахаа тохиров.


Уулзалтын төгсгөлд хатагтай Марина Каробби Гүшэтти, хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа өргөжиж буйг сайшааж, цаашид мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцож, дээд түвшний айлчлалыг тогтмол үргэлжлүүлнэ гэдэг итгэлтэй байна гэлээ.


Хэлэлцээрийн дараа тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзахаас гадна “Эмэгтэйчүүдийн манлайлал” олон улсын чуулганд оролцоно.

Холбоотой мэдээ