Зуун буудалт даамны ДАШТ-ий хамгийн залуу оролцогчоор Э.Хүслэн тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн харьяат, “Алтан хүү” клубийн тамирчин, Дэлхийн даамны холбооны мастер Энхболын Хүслэн зуун буудалт даамны 2019 оны ДАШТ-ий хамгийн залуу тамирчнаар тодорлоо.
ОХУ-ын Якутск хотноо энэ сарын 11-23-нд зуун буудалт даамны эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн болсон юм. Тус тэмцээнд дөрвөн тивийн есөн орны шилдэг 16 тамирчин оюун ухаанаа уралдуулж шилдгүүдээ тодруулав.
Хамгийн залуу оролцогч 13 настай Э.Хүслэнгийн хувьд, 2018 оны Ази тивийн АШТ-д амжилттай тоглож, дэлхийн томчуудтай “гар зөрүүлэх” эрхийг авсан юм.
ДАШТ-д оюунаа сорьсон даамчид тойргийн журмаар нийт 15 өрөг тоглож, дүнгээ гаргахад Э.Хүслэн 2 хожиж, 6 тэнцэн, 7 хожигдон, нийт 10 оноо авсан амжилтаар XIV байр эзэллээ.
Энэ удаагийн ДАШТ-ий ялагчаар ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина тодорсон. Башкортостоны даамчин сүүлийн хоёр өрөгтөө Э.Хүслэн /Монгол/, В.Мотричко /Украин/ нарыг дараалан хожиж дэлхийн аварга цолыг зургаа дахь удаагаа хүртлээ. Тэрбээр өмнө нь 2001, 2002, 2004, 2007, 2011 онд аваргалж байжээ.
Хоёр жилийн өмнө Эстонид болсон ДАШТ-д гуравдугаар байр эзэлж байсан Айгуль Идросова /ОХУ/ амжилтаа нэг шат ахиулж, мөнгөн медаль хүртсэн бол Беларусийн Дарья Федорович хүрэл медалийн эзэн болов.