Зориулалтын хөргөгчгүй нөхцөлд өндөг хадгалж зарж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-21 23:51:43

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан өндөгний худалдаанд  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Урин дулааны улиралд хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын тохиолдол ихэсдэг. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүнийг зөв горимд  хадгалах,  жимс,  хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх, гараа тогтмол угааж хэвших нь чухал юм.

Сүүлийн үед өндөг, хиам,  шувууны мах,  жимс, хүнсний ногоо гэх мэт бүтээгдэхүүн, түүнд шингэсэн нян, вирүс, органик ба органик бус нэгдэл, ионжуулагч туяа, цацраг зэрэг хүчин зүйлсээр дамжин хоолны хордлого, гэдэсний өвчин үүсч байна. Тиймээс ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшихэд дэмжлэг үзүүлэх, хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг бууруулах зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар  Хан-Орд, Бугаан гол болон төв зах дээр ажиллаж,  иргэдийн  ил задгай  орчин нөхцөлд худалдаж буй  малын гаралтай  хүнсний  бүтээгдэхүүн, түүхий ба боловсруулсан өндөгний худалдаанд  урьдчилан сэргийлэх  хяналт шалгалт  хийлээ.

Хяналт шалгалтын үр дүнд  зориулалтын хөргөгчгүй нөхцөлд  өндөг  хадгалах,  мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээгүй өндөг зарж борлуулах зэрэг нэлээд зөрчил илэрсэн байна. Тус байгууллагын зүгээс эдгээр зөрчлийг арилган  ажиллах талаар  худалдаа, бизнес  эрхлэгчдэд  зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Мөн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын хүрээнд ил задгай талбайд хүнсний ногоо худалдаж байгаа асуудалд  хяналт тавьж, шинэ ургацын ногоог лабораторийн шинжилгээнд хамруулах, гарал үүслийн гэрчилгээтэй худалдаалах тухай анхаарууллаа.


 

Холбоотой мэдээ